БНСУ-ын судалгааны байгууллага хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр санал солилцов

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-02-28 03:18:07

БНСУ-ын Уур амьсгал, тогтвортой хөгжлийн хууль, бодлогын төвийн төлөөлөгчид өнөөдөр /2020-02-21/ ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай уулзлаа. Тус төв нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгаль орчинд учирч буй хор хөнөөлийг багасгах замаар тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой байгууллага юм. Уулзалтаар, Монгол Улсад Эрчим хүч, Ой, Газар ашиглалт, ХАА-н салбарт хэрэгжүүлэхээр зорьж буй төслийн талаар танилцуулан, жишээ болгож, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсад амжилттай хэрэгжүүлж буй төслийн явц, үр дүн, сайн жишээг ярьсан юм. Тухайлбал, ойн салбарын чадамжийг нэмэгдүүлсэнээр уур амьсгалын дулаарлыг сааруулж, 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийг 64 хувиар бууруулах зорилготой гэлээ. Мөн ойн чиглэлийн нэр хүндтэй их сургуулуиуд, харьяа яамд, улс төрийн лидерүүдтэй хамтран ажиллаж буй нь төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дөхөм болж буй гэв.

Тиймээс энэхүү сайн туршлага дээр тулгуурлан Монгол улсад Эрчим хүч, Ой, Газар ашиглалт, ХАА-н салбарыг хамруулсан ижил төстэй томоохон төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд MIU дээд сургууль, ШУТИС, ХААИС-тай хамтран ажиллах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулсан гэлээ.

Уулзалтын төгсгөлд ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Монгол орны ХАА-н салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах санал тавьж буйд талархаж байгаагаа илэрхийлээд манай төр засгийн байгууллагууд ч дэмжин ажиллана гэдэгт итгэж байна гэв. Мөн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалан, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж буй энэ үед цаг үеэ олж хамтран ажиллах санал тавьж буйд талархаж байна гэлээ.