ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор профессор Я.Мягмарсүрэнтэй ярилцлаа. Тэрээр эдүгээ газар тариалангийн талбайн 30 хувьд тариалагдаж буй буудайн “Дархан-144” сортын зохиогч юм.
-Ургамал, газар тариалангийн бүхий л технологийг боловсруулж үйлдвэрт нэвтрүүлдэг гол хүрээлэн бол танайх. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү? -Манай хүрээлэн газар тариалангийн шинэ технологийг боловсруулах, шинэ сорт гаргах, элит үрээр хангах, хөрсний үржил шимийг сайжруулах чиглэлээр судалгаа явуулдаг Монгол орны ганц том хүрээлэн. Хүрээлэн маань байгуулагдсанаас хойш 60 орчим жил болж байна. Өнөөдөр газар тариалан, үр тарианы үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа бүх технологиуд манай хүрээлэн дээр боловсруулагдсан. |
Жишээ нь, буудай тариалах, уранш бэлдэх арга технологиуд, ямар сэлгээг яаж хэрэглэх технологи, мөн дээр нь усалгаатай тариалан, таримал ургамлыг яаж ургуулж, арчлах вэ, яаж арвин ургац авах гэсэн технологийн судалгаанууд манай дээр хийгдэж үйлдвэрт нэвтэрсэн. Тодруулбал, буудай, арвай, таримал ургамал, хүнсний ногоо, жимс, чимэглэлийн ургамлын Монгол оронд дасан зохицсон ямар сортыг тарьж болох вэ, манайд ямар нь тохиромжтой вэ гэдгийг шалгаруулж үйлдвэрт нэвтрүүлдэг.
Нөгөө гол чиглэл нь бид нар өөрсдөө шинэ сортыг бүтээж үйлдвэрт нэвтрүүлсээр байна. Шинэ сорт бүтээх чиглэлээр ялангуяа үр тариа, буудай дээр маш амжилттай ажиллаж байгаа. Ганд тэсвэртэй Дархан 144, эрт болцтой Дархан 131, 160, мөн дунд болцтой Дархан 34, Дархан 74, арвин гэх мэт шинэ сортуудыг бүтээсэн. Монгол оронд жилд ойролцоогоор 350 орчим мянган га талбайд тариалалт хийж байна. Бидний бүтээсэн энэ сортууд маань өнгөрсөн оны мэдээгээр гэхэд 120 орчим мянган га талбай буюу нийт тариалангийн талбайн 40 орчим хувьд нь тариалагдсан.
Шинэ сортууд хуучин сортуудаас жил бүр дунджаар 2-5 центнер нэмүү ургац өгч байна. Тарих технологи бусад сорттой яг адил. Зардал нь ч тэр. Зөвхөн сортоо солиод тарьснаар жилд дунджаар 15-20 тэрбум төгрөгийн цэвэр ашгийг тариаланчид хүртэж байгаа. Буудайнаас гадна арвайн сортууд ч бий. Төмсөн дээр ч үр дүнтэй ажиллаж байгаа. Хуучин манайхан нэг хэсэг Хятадаас үйлдвэрийн төмс буюу цардуул үйлдвэрлэхэд зориулсан хүнсний бус төмсийг маш ихээр хэрэглэдэг байсан. Харин “Монгол төмс” нэртэй Швейцарийн төсөлтэй хамтарч ажиллаад маш олон гадаадын сортуудыг судалж үзээд Монголд нутагшуулсан. Манай хүрээлэнгийн шалгаруулсан сортууд маань төмсөн дээр 90 хувьд нь тариалагдаж байгаа.
Түүнээс гадна дараагийн том таримал бол хүнсний ногоо. Нийтдээ 20 орчим төрлийн хүнсний ногооны сортуудыг шалгаруулах, тариалах технологийн судалгаа манай дээр хийгдэж байгаа. Бас шинэ сорт бүтээх, ялангуяа хүлэмжид тариалдаг улаан лоолийн эрлийз үр гаргах чиглэлээр нэлээд үр дүнтэй ажиллаж байна. Сүүлийн үед ард иргэдийн хүнсний ногооны хэрэглээ өөрчлөгдөж эхэлсэн. Хүнсний ногоо гэхээр л байцаа, төмс, лууван, сонгино, сармис гээд дуусчихдаг байсан. Одоо бол хүмүүс навчит ногоог маш их сонирхдог болж. Тиймээс навчит таримлыг хөрсөнд, усанд тариалах гэх мэтээр олон арга технологийг судалж боловсруулж ногоочдод хүргэж байна.
-Шинээр бий болсон, нутагшуулсан сортуудын үрийг үржүүлэх ажил бас их нүсэр гэлцдэг. Энэ тал дээр хүрээлэн яаж ажилладаг юм бол?
-Сайхан нутагшуулсан байлаа ч үр нь байхгүй бол тариаланчид тарьж чадахгүй. Тэгэхээр бид сайн чанарын элит үр гаргахад анхаарал тавьж ажилладаг. Буудай, арвай, овьёосны олон сортуудын элит үрийг үйлдвэрлэж байна. Жилд 300-450 тонн элит үр үйлдвэрлэж Тариалан эрхлэлтийг дэмжих санд өгдөг. Тэндээс тариаланчид маань үрээ шинэчлэх ажил хийдэг юм. Элит үр үйлдвэрлэл бол маш өндөр зардлаар бүтдэг. Хувийн аж ахуйн нэгжүүд элит үр үйлдвэрлэлийг тэр бүр хийгээд байдаггүй. Дэлхийн практиктад ч тийм. Үр сортын хуулинд таван жил тутамд аж ахуйн нэгж үрээ солих ёстой. Нэг үрийг аваад таваас олон жил тарьдаггүй. Хөгшрөхөөрөө чанар нь муудаж, жигд биш болдог.
Үр тарианаас гадна төмсний нутагшуулсан сортуудын үрийг аеропоникийн аргаар үржүүлдэг. Энэ нь төмсний соёоноос эд эсээр нь өсгүүр хийгээд ариутгасан нөхцөлд ургуулаад ямар нэгэн вирус өвчингүй цэвэр үрийн эх материал гаргаж авах замаар үржүүлгийг хийдэг. Төмсний элит үрийн эх материал гэж яриад байгаа бичил булцуу улсын хэрэгцээний одоо үйлдвэрлэж байгаа үрийн 70-80 хувийг манай хүрээлэн үйлдвэрлэж байна.
-Танай хүрээлэнд Монголд тарьж болох таримал ургамлын дээжийн томоохон сан байдаг байх аа?
-Тариалан эрхлэхээс өмнөх үед гадаад дотоодын олон экспедиц явж Монголд тарьж болох таримал ургамлын бүх сортын дээжүүдийг газар бүрээс цуглуулсан генбанк гэж манайд бий. Тэнд 20 орчим мянган дээж хадгалагдаж байдаг. Энэ дээжээс шинэ сорт гаргахдаа ээж, аав болгож ашиглана. Генийн нөөцийг өнөөдөр хэрэглэхийг нь хэрэглэнэ. Ирээдүйд хэрэглэж байх улсын таримал ургамлын өв сан гэдэг утгаараа маш чухал. Түүнээс гадна генийн санг амьдаар нь хадгалах, бусад орноос янз бүрийн сорт солилцож баяжуулах ажил хийгдэж байдаг.
-Хөрсний үржил шимийн асуудал бол манай орны тулгамдсан асуудлын нэг. Одоо нөхцөл байдал ямар байгаа талаар та мэргэжлийн хүний хувьд тодорхой хариулт өгөөч?
-Газар тариалан эрхэлж байгаа 60 гаруй жилийн хугацаанд хоёр удаа Монголын тариаланд ашиглаж байгаа бүх хөрсний шинжилгээг манай хүрээлэн хийсэн. Атрын гуравдугаар аян зарлагдаж тариалан эрхэлж байгаа бүх газруудад хөрсний шинжилгээг яамны санхүүжилтээр хийсэн. Манайх 1.3 сая тариалангийн эдэлбэр газартай байлаа. Одоо бол 800 мянга орчим болж буурсан. Ашиглагдах боломжгүй болсон талбай дээр ч шинжилгээ хийгдсэн. Тэгэхэд манай нийт тариалангийн талбайн 60 гаруй хувь нь элэгдэлд өртсөн байна гэдэг нь тогтоогдсон. Дээрээс нь азот, фосфороор буудай тарих хангалтгүй байна гэж гарсан. Хөрсний доторх азот, фосфор, калийн агуулга буудай хэвийн ургахад шаардлагатай хэмжээ гэж бий. Тэр хэмжээгээр азот, фосфороор хангалтгүй ангилалд орчихсон. Товчхондоо манай хөрс бол маш их элэгдэлд орсон, үржил шимийн хувьд ядуу болоод байгаа юм. Үүн дээр бид хөрсний үржил шүимийг яаж сэргээж, тордох чиглэлээр ялангуа технологийн судалгаанууд нэлээд хийгдэж байна. Элэгдэл, эвдрэл, салхины хийсэлтийг багасгахын тулд эрдэмтдийн боловсруулсан хучлагатай тариалангийн технологи гэж бий. Энэ нь аль болох газар дээрээ буудай хураагаад сүрлээ талбай дээрээ хучлага маягтай болгох технологи. Талбайгаа хашлагатай, мал идүүлэхгүй хамгаалж, хураасан бүх сүрлээ талбай дээрээ цацаж байх нь зүйтэй. Ингэж жил бүр хийгээд байвал ургац нэмэгдэнэ гэсэн технологийн зөвлөмжийг тариаланчдад өгч байна. Дээрээс нь эрдэс бордоо, органик бордоо, янз бүрийн ашигтай микро организмаар бүтээгдэж байгаа бордоог ашиглах нь зүйтэй. Хуучин бол азот 60, фосфор 60, кали 60 гэх мэт нормоор л бордоо гэдэг байсан бол одоо хөрсний үржил шим ядуурсан учраас бордооны тунг нэмэгдүүлж 100, 120 хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.
-Газар тариалангийн салбарт боловсон хүчин дутагдсаар байгааг салбарынхан хэлдэг. Танай хүрээлэнгийн хувьд дэргэдээ сургуультай гэл үү?
-Манай хүрээлэн 20 орчим мэргэжлээр бакалавр, магистрийн элсэлт авдаг сургуультай. Агрономи, экологи, эдийн засаг, усны инженер, ойн инженер, экологи байгаль хамгаалал, цаг уурын инженер гэх мэт чиглэлүүдээр сургалт явуулдаг. Хөдөө аж ахуйн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх гэдэг маш тулгамдсан асуудал боловч хөдөө аж ахуй бодитой, үр дүнтэй юм байна гэсэн хандлага хуучнаа бодвол бага ч гэсэн сэргэж байна. Ялангуяа газар тариалан, фермерийн аж ахуй хөгжөөд ирэхээр эзэд, агрономиуд удам дамжсан тариаланч бий болгох чиглэл жаахан өргөжиж байгаа хандлага харагдах болсон. Манай сургуулийн давуу тал бол хүрээлэндээ газар тариалангийн салбарын тэргүүлэх эрдэмтэд нь байна. Туршлага судалгаа хийх бааз суурь нь байна. Жилдээ бид 70-80 туршлага судалгаанд явдаг. Тэр туршлага судалгаа бүрт оюутнууд очиж ажиллах, багшийнхаа заавраар дипломын ажил бичих, нэг чиглэлээр мэргэших боломж өргөн байдаг. Өөрөөр хэлбэл, хүрээлэнтэйгээ хамт, толгойлох эрдэмтдээс номын дуу сонсож байгаа, талбай дээр нь очиж үзээд гардаад хийдэг онцлогтой. Харин сүүлийн хоёр гурван жилд орон нутгийн сургуулийн элсэлт нэлээд буурах хандлагатай байгаа.
-Тун удахгүй хаврын тариалалт эхэлнэ. Энэ жилийн тариалалт, ургацын хувьд ямар өнгөтэй байх бол?
-Хавар тариалалт эхлэхээр улс, аймаг, сумдын зөвлөгөөн хийхэд манай хүрээлэн агротехнологийн зөвлөмжүүдийг боловсруулж тариаланчдад хүргүүлдэг. Одоогоор цаг уурын прогноз гараагүй байгаа учраас зөвлөхөд эрт байна. Гэхдээ хэн уранш, талбайгаа сайн бэлдэж чадна тэд ямар ч жил тогтвортой ургац авдаг. Өнгөрсөн жил тариаланчид талбайгаа харьцангуй сайн бэлдсэн. Талбайгаа сайн бэлдэж талбайдаа зохицсон сайн үрийн сортоор тариалалт хийж арчилгаагаа сайн хийхэд хангалттай сайхан ургац авна. Тариаг эхлээд тархиндаа ургуулаад дараа нь газарт ургуулна гэж ярьдаг. Тариаланчид маань шинжлэх ухаанчаар энэ ажилдаа хандаад явахад ямар ч жил алзахгүй.
Өдрийн сонин-2020-03-16 Б.ЭНХЗАЯА