ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-10-22 07:18:26

ХААИС-ийн Оюутны холбооноос “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Хатан туул театрт чөлөөт уулзалт зохион байгууллаа. Өнгөрсөн оны энэ өдөр ХААИС-ийн ОЮУТНЫ АНХДУГААР ЧУУЛГАН-ыг санаачлан амжилттай зохион байгуулсан юм. Тус чуулганаар жил бүрийн 10-р сарын 18-ыг "ХААИС-ийн ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР" болгон зарлаж, санал шийдэл, хүсэл сонирхолоо чөлөөтэй илэрхийлж, нийгмийн сайн сайхны төлөөх дуу хоолойгоо хүргэж байхаар шийдвэрлэжээ.

Оюутан залуусын санаачлан зохион байгуулсан тус уулзалтад сургуулийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд оролцож, оюутан залуустаа хүндэтгэл үзүүллээ. Мөн Монгол Улсын Ардын багш Лувсанчимэдийн Сосорбарам, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Бээжин-2008” олимпийн аварга, ОУХМ Э.Бадар-Ууган нар урилгаар оролцож, ХААИС-ийн оюутан тамирчдад спортын иж бүрэн хувцас гардуулан өгч, баяр хүргэлээ.

Энэ үеэр ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга нийт оюутан залуустаа баяр хүргээд цаашид энэ өдрийг багш, удирдлагууд оюутнуудтайгаа уулзаж, санал солилцдог өдөр болгох хүсэлтэй байна гэв. Мөн ХААИС-ийн онцлог давуу талыг оюутан залууст товч танилцуулсан юм.

Тухайлбал, Нэгдүгээрт, нийт оюутнуудын магистр, докторын хөтөлбөрт суралцагчдын тоогоор тэргүүлдэг. Энэ нь судалгааны их сургууль болох зорилттой уялдаж байна.

Хоёрдугаарт, Судалгаанд оролцдог оюутан болон багш судлаачдын хэрэгжүүлж буй төслийн тоо, үр өгөөж нэмэгдсээр байна. Ингэснээр сургуулийн төсвийн 50 хувийг судалгааны төсөл, хөтөлбөрөөс бүрдүүлж байгаа.

Гуравдугаарт, Хамгийн цэвэр эко орчинд байрладаг. Энэ нь бид бүхний эрүүл таатай суралцах таатай орчныг бүрдүүлдэг.

Дөрөвдүгээрт, Урлаг, спортын бахархам амжилтын эзэд манай оюутан залуусын дундаас  төрөн гарсан байдаг. Чөлөөт бөхийн Дэлхий аварга С.Цэрэнчимэд, буудлагын тамирчин, Дэлхийн аварга Ц.Хонгорзул гээд тив дэлхийд улсынхаа нэрийг цуурайтуулсан тамирчидтай. Цэнгээнт бүжгийн “Хатан туул” хамтлаг дэлхийн болон олон улсын тэмцээнд амжилттай оролцож байсан.

Тавдугаарт, Дэлхийн шинжлэх ухааны санд Монголоос долоон нээлт бүртгэгдсэний тав нь хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн бүтээл байдаг. Энэ мэт бахархам амжилт, бүтээлийн эзэд манай эрдмийн хамт олон дундаас төрөн гарсан гээд оюутнууддаа хандан зорилгынхоо төлөө хичээн суралцахыг хүслээ.

Мөн ХААИС-ийн Оюутны холбооны тэргүүн М.Баярмагнай, Монголын Оюутны холбооны тэргүүн Г.Сүхбат оюутнууддаа мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэлээ.

НҮБ-аас Дэлхийн оюутны эрхийг хамгаалах өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 17-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Түүхийг эргэн дурсвал 1939 оны 10 дугаар сарын 28-нд фашистуудад бүслэгдсэн Чехословакт, Прагийн оюутан залуус багш нарынхаа хамтаар 1918 оны 10 дугаар сарын 28-нд төрт улс байгуулагдсаны ойг тэмдэглэн жагсчээ. Жагсагчдыг хүчээр тараах үед Анагаахын факультетийн оюутан Ян Оплеталыг буудан хөнөөжээ. 1939 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ян Оплеталын оршуулга болсноор эсэргүүцлийн жагсаал хүчээ авсан аж. Тэр үеэр олон арван жагсагчид баривчлагдсан байна.

11 дүгээр сарын 17-ны өглөө эрт Gestapo SS-ийн ажилтнууд оюутны дотуур байруудыг бүсэлж, 1200 гаруй оюутныг баривчлан Заксенхаузен дахь хорих лагерьт аваачсан аж. Хөдөлгөөний есөн гишүүн оюутныг Прагийн Рузин дүүргийн шоронд шударга шүүхгүйгээр шийтгэжээ. Үүний зэрэгцээ  Гитлерийн тушаалаар Чехийн дээд боловсролын бүх байгууллагыг дайн дуусах хүртэл хаасан байна.

Мөн 1941 оны 11 дүгээр сарын 17-нд Чех улсын оюутан Оп­лата Прага хотноо дэлхийн II дайныг эсэргүүцэж, мянга мянган оюутнуудын эрхийн төлөө өөрийн биеийг шатаа­сан түүхтэй. Энэ үеэс хойш 1946 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чехийн эх оронч оюутнуудын дурсгалд зориулан Прага хотноо зохион байгуулсан Дэлхийн оюутны бага хурал дээр энэ өдрийг “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтжээ.