Хөдөө аж ахуйн их сургууль жил бүр багш нарынхаа хийж бүтээснийг үнэлэх, харилцан туршлага солилцох, сайн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, шинэлэг, бүтээлч санаачилгийг дэмжих зорилгоор Шилдэг тэнхим, Шилдэг сурган хүмүүжүүлэгч, Шилдэг судлаач багш, Шилдэг залуу багш гэсэн дөрвөн төрлөөр багш нарыг шалгаруулан урамшуулдаг байна. Энэ жилийн Шилдэг сурган хүмүүжүүлэгч багшаар Агроэкологийн сургуулийн, Экологийн тэнхимийн ахлах багш, доктор Т. Байгал-Амар шалгарчээ. Түүнтэй уулзаж, энэ жилийн онцлох ажлынх нь талаар ярилцлаа.
-ХААИС-ийн 2020 оны Шилдэг сурган хүмүүжүүлэгч багш болсонд баяр хүргэе. Өөрийгөө эхлээд танилцуулахгүй юу?
Баярлалаа. Намайг Туулайхүүгийн Байгал-Амар гэдэг. Хөдөө аж ахуйн их сургуулийн, Агроэкологийн сургуулийн, Экологийн тэнхимд ахлах багшаар ажилладаг. Испани улсын Жиронагийн их сургуульд “Усны шинжлэх ухаан технологи” хөтөлбөрт суралцаж “Цэнгэг усны биофильм болон загасанд хорт бодисуудын нөлөөлөл: Туршилт судалгаа ба статистик загварчлал” сэдвээр 2016 онд докторын зэрэг хамгаалсан.
-Энэ жилийн онцлог гэж хэлж болох ажлынхаа үр дүнг бусадтай хуваалцахгүй юу?
Энэ жилийн хувьд олон орны эрдэмтэн судлаачидтай хамтран IF –тай сэтгүүлд өгүүлэл хэвлүүлж, гадаад, дотоодын төсөл удирдсан. Мөн төсөл, судалгаанд оюутнуудаа оролцуулж, судалгааных нь үр дүнгээр олон улсын болон улсын хэмжээний хуралд илтгэл тавьж, өгүүлэл бичиж хэвлүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа чадлынхаа хэрээр үзүүлсэн жил байлаа. Тухайлбал энэ хичээлийн жилд 2 магистр, 10 бакалавр оюутан удирдаж хамгаалуулсан. Тэдгээр оюутнуудаас Б.Цоггэрэл, Р.Мөнхбат нар олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлсэн, 5 оюутан улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, өгүүлэл хэвлүүлсэн байна.
-Багш хүн тэр дундаа их сургуулийн багш байхын онцлог юу байдаг бол...?
Багшийн ажил маш сайхан. Шавь нарынхаа дунд сэтгэлгээ нь улам залуужиж байдаг. Их сургуулийн багшийн онцлог нь сурган хүмүүжүүлэх ажлын хажуугаар судлаач байхыг шаарддаг. Мөн тухайн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байгаа учраас ёс суртахууны төлөвшил сайтай, мэргэжлийн өндөр ур чадвартай байх хэрэгтэй. Маш олон ном, эрдэм шинжилгээний өгүүлэл, дэвшилтэт технологийн талаар судалж байж тэдгээрийн дундаас заах зүйлээ олж авдаг. Оюутнуудаа зөвхөн нэг сурах бичиг биш олон зүйл уншиж судлаж байж мэдлэг олж авахад чиглүүлдэг нь их сургуулийн багшийн онцлог гэж бодож байна.
-Багш хүний хамгийн эрхэм зүйл бол заах арга зүй шүү дээ. Оюутнуудад илүү хүрч чаддаг тэр арга барилаасаа хуваалцахгүй юу?
Энэ жилийн хувьд короновирусын халдвар тархахаас сэргийлж онлайнаар сургалт явуулсан жил байсан. Миний хувьд Zoom программыг ашиглан хичээлээ ороод түүнийгээ бичлэг болгон хадгалж классруумд байрлуулдаг байсан тул оюутнууд тухайн үед ойлгоогүй үлдсэн зүйлээ дараа нь дахин үзэж ойлгож авах боломжийг бүрдүүлж өгсөн. Бүүр ойлгохгүй байвал зайнаас удирддаг Ultraviewer программыг ашиглан тухайн оюутны өөрийнх компьютер дээр хийж үзүүлдэг. Мөн оюутнуудыг судалгааны ажилд олноор авч явдаг учраас багштайгаа илүү нээлттэй болж, асуух зүйлээ чөлөөтэй асуудаг.
-Өдөр бүр оюутнуудтай харилцдагийн хувьд тэдний юу хүсэж мөрөөддөгийг илүү мэддэг байх. Мөн тэдэнд хандаж юу хэлмээр санагддаг вэ?
Оюутнуудын хамгийн их мөрөөддөг зүйл бол төгсөөд мэргэжлээрээ ажиллах, цаашид гадаадад магистр, докторт суралцах хүсэлтэй байдаг.
Оюутнууддаа хандаж хэлэхэд төгсөөд зөвхөн мэргэжлээрээ ажиллах гэж сурах биш улсдаа, цаашлаад дэлхийд хэрэгтэй хүн болохын төлөө сураарай! Сурах ёстой хугацаандаа сурсан шиг сурвал дөрвөн жилд сурсан эрдэм чинь 40 жил түүнээс ч олон жил хэрэг болно шүү гэж хэлмээр байна.
-ХААИС-ийн сургалтын орчны шинэчлэл, үр дүнг хэрхэн үнэлдэг вэ?
ХААИС сургалтын орчноо шинэчлэх ажлыг нэлээд эрчимтэй хийж сургалт, судалгааны 40 гаруй лабораторийг байгуулан сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр лабораториудыг ихэвчлэн олон улсын төсөл, хөтөлбөрөөр орчин үеийн жишигт нийцүүлэн байгуулсан байдаг. Зарим багш нар сургалтын орчноо сайжруулах тал дээр маш их идэвх санаачлагатай ажилладаг. Тэдний сэтгэл, хөдөлмөр шингэсэн анги, танхим лаборатори, дадлагын суурингууд олон бий.
Р.Батчимэг