Европын холбооны “Эрасмус+” хөтөлбөрийн санхүүжилтээр “ОХУ болон Монгол улсад Арьс ширний сургалт, судалгаа ба инновацийн төв байгуулах” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн талаар Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал, аж ахуй, биотехнологийн сургуулийн ахлах багш, доктор Б.Итгэлтэй ярилцлаа.
-Европын холбоо “Эрасмус+” хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хөтөлбөрийн талаар танилцуулаач? - Европын холбоо нь өөрийн бүрэлдэхүүнд багтдаг улс орнуудын дэлхийн бусад орнуудтай хамтран ажиллах үйл ажиллагааг дэмжих зорилгоор энэ тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. 2014-2020 онд International Credit Mobility буюу Олон улсын багш ба оюутны кредит солилцох, Capacity Building in Higher Education буюу Дээд боловсролын салбарын чадавхийг бэхжүүлэх, Erasmus Mundus Joint Master Degrees буюу Магистрийн зэрэг олгох, Jean Monnet Activities буюу Европ судлал гэсэн дөрвөн чиглэлээр тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Манай төсөл Европын холбооны “Эрасмус+” хөтөлбөрийн "Capacity building in Higher Education" буюу "Дээд боловсролын хүний нөөцийг чадавхижуулах" чиглэлд хамаарна. |
-Тэгвэл танай багийнхан ямар төсөл хэрэгжүүлж байна вэ?
-Төсөл маань “ОХУ болон Монгол Улсад Арьс ширний сургалт, судалгаа ба инновацийн төв байгуулах” буюу “Establishment of Leather Hubs in Russia and Mongolia” нэртэй. Төслийг 2019 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн хэрэгжүүлж эхлээд хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Төслийн нийт үргэлжлэх хугацаа гурван жил. Нийт санхүүжилт 995,950 евро. Манай төслийн багт нийт найман орны 13 байгууллага хамрагддаг. Төслийн удирдагчаар Турк улсын “Эгэ” их сургууль, гишүүдэд Монгол Улсын ХААИС, ШУТИС болон Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, ОХУ-ын Дорнод Сибирийн технологи удирдлагын их сургууль, Буриадын хөдөө аж ахуйн академи болон Буриадын худалдаа аж үйлдвэрийн тэнхим тус тус багтаж байгаа. Төслийн зөвлөх орнуудад Итали, Грек, Польш, Румын болон Литовын арьс ширний эрдэм шинжилгээ, сургалт болон судалгаа эрхэлдэг байгууллагууд орсон.
-Олон улсын төсөлд оролцохын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ. Хамгийн гол шалгуур үзүүлэлт юу вэ?
-Төслийн шалгаруулалтын нэг гол шалгуур нь төсөл дэвшүүлж байгаа байгууллагуудын хамтын ажиллагааны түүх юм билээ. Мөн хоёр ба түүнээс дээш орны оролцоо, оролцож байгаа орны тухайн салбарын хоёр ба түүнээс дээш тэргүүлэх байгууллагуудын хамтын ажиллагааны хоёр ба түүнээс дээш жилийн түүх үүсгэх их чухал юм байна. Бид энэ төсөлд ХААИС, ШУТИС, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Дорнод сибирийн их сургууль, Буриадын ХАА-н Академи болон Туркийн “Эгэ” их сургуультай хэрхэн яаж хамтран ажилласан талаар дөрвөн жилийн түүхээ бичиж оролцсон.
-Арьс ширний сургалт, судалгаа, инновацийн асуудал гэхээр манай улсад их л ойрхон сэдэв шүү дээ. Энэ нь төслийн гол үндэслэл болов уу?
-Манай ХААИС-ийн Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхим нь Таваар судлалчдыг бэлтгэж ирсэн түүхтэй. “Таваар судлалч” мэргэжилтэний ажлын байрыг төрөөс зохицуулж, баталгаажсан ажлын байртай байсан. Гэтэл энэ тогтолцоо нурж, ажлын байр үгүй болсноор Таваар судлалч мэргэжлээр элсэн суралцагчдын тоо эрс буурч ирсэн. ШУТИС-ийн хувьд ч “Арьс ширний технологич” мэргэжлийн анги элсэлтгүйн улмаас хаагдаад байгаа. Гэсэн хэдий ч арьс ширний салбарын үндсэн түүхий эд нь нөхөн сэргээгддэг, бүтцийн хувьд өвөрмөц онцлогтой үнэт баялаг учраас манай орны хувьд арьс ширний салбарыг сэргээн хөгжүүлэх нь зайлшгүй асуудлуудын нэг юм. Салбарыг сэргээн босгоход мэргэжилтэй боловсон хүчин нэн чухал тул их дээд сургуулиудын арьс шир судлалын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр болон сургалтын арга зүйд шинэчлэл хийх, чадавхаа дээшлүүлэх, сургалт үйлдвэрлэлийн уялдааг сайжруулах, олон улсын түвшинд хүрэхийн тулд гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхасуудалд анхаарч ажилласан.
-Олон орны төлөөлөгчид хамтран нэг баг болсон нь сонирхол татаж байна. Төсөлд шалгарах амар байгаагүй болов уу. Төслийн багийн түүх хаанаас яаж эхэлсэн, хэрхэн бүрдсэн бэ?
-Би ХААИС-д Арьс шир судлалын багшаар ажиллаж байгаад 2013-2014 онд Арьс ширний эрдэм шинжилгээ, туршилт үйлдвэрлэлийн “АРМОНО” нэгдэлд эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажилласан юм. Дорнод сибирийн технологи удирдлагын их сургуулийн Таваар судлал, Усны нөөц ба Арьс ширний технологийн тэнхмийн эрхлэгч, профессор Дмитрый Вальеревич Шалбуевтай ажлын шугамаар харилцах үед хамтран ажиллах санал тавьсан. Тус сургууль нь Энэтхэг, Япон, Хятад, Австри, Туркийн их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй төдийгүй манай ШУТИС-тай хамтран ажиллаж байсан туршлагатай юм билээ. Миний хувьд арьс ширний эрдэм шинжилгээ судалгаа хийдэг олон улсын эрдэмтэдтэй бага зардлаар холбогдох, хамтран ажиллах сайхан боломж гэж үзэн, гэрээ хийж хамтын ажиллагааг эхлүүлсэн. Эндээс бидний төслийн баг бүрэлдэх эхлэл тавигдсан гэж хэлж болно. “АРМОНО” нэгдэл бүтцийн өөрчлөлтөнд орсон учраас сургуульдаа багшаар эргэн орж, Дорнод сибирийн технологи удирдлагын их сургуультай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Манай ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, дэд захирал Г.Гантулга, МААБС-ийн захирал О.Баатарцогт болон Малын гаралтай бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхмийн хамт олон маань бүх талаар дэмжиж, хамтран ажилласан.
Улмаар ШУТИС-ийн захирал О.Туяацэцэг, Арьс ширний профессорын багийн ахлагч доктор Т.Төрмөнх, Салбарын эрхлэгч профессор Б.Удвал болон Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны дэд захирал Т.Баярсайхан, О.Бат-Очир, Т.Рэгзэдмаа, “АРМОНО” нэгдлийн лабораторийн эрхлэгч, доктор З.Энхжаргал нарт санал тавин, Монголын талын багаа бүрдүүлсэн. Дорнод сибирийн технологи удирдлагын их сургууль төдийгүй Туркийн Эгэ их сургуулийн зохион байгуулдаг олон улсын арьс ширний эрдэм шинжилгээний хуралд Монголын их, дээд сургууль, үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллагын технологичид, судлаачдыг оролцуулсан.Мөн “Монгол ба Оросын Арьс ширний үйлдвэрлэгчдийн анхны уулзалт”-ыг зохион байгуулсан. Дэлхийд 2-т эрэмбэлэгдэх арьс шир боловсруулах “Русская кожа” компанитай Монголын бизнес эрхлэгчдийг холбож, арьс боловсруулах технологийн туршилтыг Булигаар ХК, Дархан Нэхий ХК болон Мон Ирээдүй компаниудад явуулахад хамтран ажилласан.
Үүний зэрэгцээ ХААИС, ШУТИС болон Дорнод сибирийн технологи удирдлагын их ургууль хамтарсан оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулж ирсэн. Судлаач оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор шагналын сан бүрдүүлсэн. Харин энэ ажлыг Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан хариуцан ажиллаж ирсэн байгаа. Энэ дашрамд олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурлын анхны санхүүжилтийг олгосон Мон–Ирээдүй ХХК-ний захирал Б.Ганбилэг, Future ХХК-ний захирал И.Түмэндэлгэр, Булигаар ХХК-ний захирал Б.Мөнхжаргал, Мидельмен ХХК-ний захирал Эрдэнэбулган нарт болон сургалт үйлдвэрлэлийн дадлага, туршилт судалгааны ажлыг явуулахад байнга дэмжин ажилладаг МЛТЖ ХХК-ний захирал Б.Орхонбаяр, С.Даваажав, Шевро ХХК-ий захирал Б.Түмэн-Өлзий, Дархан Нэхий ХХК-ны захирал Б.Батсайхан, Буурал гол ХХК-ний О.Билгүүн захирал нарт их сургуулиудын хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлмээр байна. Бид “Товароведение” ба “Технология кожи и меха” мэргэжлээр оюутан солилцооны 2+2 хөтөлбөр боловсруулсан ба “Изучение ранозаживляющих свойств биоактивной матрицы на основе коллагена и кисломолочных композиций” сэдэвт Орос Монголын хамтарсан төсөл бичиж, ОХУ-ын ерөнхийлөгч Путины тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтанд оролцож байсан зэрэг түүхүүдээ дэлгэрэнгүй бичиж 2017 оны шалгаруулалтанд оролцсон. Шалгаруулалт 2018 оны туршид гурван үе шаттай явагдаж, найман сард 874 их, дээд сургуулиудаас шалгарсан тухай албан бичиг хүлээн авсан. Энэ төслийн бичиг баримтыг боловсруулахад гардан ажилласан АРМОНО нэгдлийн лабораторийн эрхлэгч, доктор З.Энхжаргал, ХААИС-ийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхмийн багш, доктор Д.Дашмаа, П.Пүрэвсүрэн, ШУТИС-ын багш доктор Б.Сувдаа, АШҮХолбооны мэргэжилтэн Т. Рэгзэдмаа нарт гүн талархлаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
-874 төслөөс шалгарна гэдэг маш том амжилт. Төслийн зорилго, үр дүн юу байх вэ?
-Тийм ээ. Энэ бол маш том амжилт. Цаашид ч бид нягт хамтарч ажиллаж чадвал улам их амжилтанд хүрнэ. Манай төслийн гол зорилго бол “Их дээд сургуулиуд ба арьс ширний үйлдвэрүүдийн хооронд гүүр болж, хамтарсан сургалт, судалгаа хөгжүүлэлтийн (R&D) ажлыг өргөжүүлэхзамаар үйлдвэр эрхлэгчдийг инновацийн эрэлхийлэгчид болгох”-д оршино. Дээр дурьдсан зорилгод хүрэхийн тулд ОХУ ба Монголд нийт дөрвөн сургалт, судалгаа, инновацийн “LEATHUB” төв байгуулна. Төслийн санхүүжилтээр лаборатори байгуулахаас гадна сургагч багш нарыг зөвлөх орнуудад сургана. Төслийн үр дүнд Орос, Монголын арьс ширний үйлдвэрүүд байгаль орчинд ээлтэй шинэ технологийг нэвтрүүлнэ, Монгол, Буриадын арьс шир боловсруулах уламжлалт технологийг сэргээн хөгжүүлнэ. Кластерийн системийг бий болгоход хувь нэмрээ оруулах замаар Европын холбоо, Орос, Монголын үйлдвэрлэгч, их дээд сургуулийн хоорондын хамтын ажиллагаа харилцан ашигтай байх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Өдрийн сонин 2020-03-26 Г.Дорж