О.МӨНХЖАРГАЛ: Зарим аймаг, сумыг органик газар тариалангийн бүс хэмээн зарлаж болно

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-04-10 09:53:31

Манай улс дахь тосны ургамлын тариалалт, технологи, тос үйлдвэрлэх боломжийн талаарх судалгааны ажлыг 33 дахь жилдээ хийж буй, ХААИС-ийн багш, шинжлэх ухааны доктор, профессор О.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Монголд тосны ургамал тариалах, нутагшуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж хэр байдаг вэ. Энэ төрлийн ямар ургамлыг, хаана таривал, эдийн засаг, байгаль орчинд өгөөжтэй байх бол?

-Би 1987-2007 онд Дорнод аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнд ажилласан. Энэ хугацаандаа 1987-1990 онд Буйр нуурын эрэгт усалгаатай тариаланг хөгжүүлж, тосны ургамал тарьж байв. Дэлхийд тос гарган авдаг 16 ургамал тариалж, ашиг шимийг нь хүртдэг. Тэгвэл Дорнодод рапс, наранцэцэг, шар буурцаг, маалинга зэрэг 12 төрлийн таримал тарих боломж бий. Ялангуяа наранцэцэг, рапс, шар буурцгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр түлхүү тарьж, туршиж байсан. 1992 онд Засгийн газраас импортын гол нэрийн бүтээгдэхүүнд багтдаг ургамлын тос, элсэн чихрийг дотооддоо үйлдвэрлэх хөтөлбөр баталсан юм. Үүний хүрээнд дээрх ургамлуудаас тос гаргаж авсан. Гэхдээ хүнсэнд хэрэглэхүйц, чанартай тос хийж чадаагүй. Энэ нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж хоцрогдонгуй байсан, технологийн хувьд сайжруулах шаардлага гарсантай холбоотой.

-Рапс нь хөрсний үржил шимийг өөртөө шингээдэг, тариалангийн талбай элэгдэх шалтгаан болдог, эсэх талаар тодруулж өгнө үү?

-Саяхныг хүртэл иргэдийн олонх нь рапс хөрсийг сүйтгэдэг гэсэн ойлголттой байсан. Засгийн газрын түвшинд ч энэ талаар цөөнгүй хэлэлцүүлэг өрнүүлж, эрдэмтэн, судлаачид, багш нар, тариаланчид байр сууриа илэрхийлсний дүнд өдгөө хүмүүсийн хандлага өөр болсон. Рапс нь хөрсний үржил шимийг бууруулдаггүй. Газар тариалангийн бүс нутгийн экологид сөрөг нөлөө үзүүлдэггүйг онцолъё. Рапсыг нэг га талбайд 10-12 кг үрээр тарьж, нэг тонн орчим ургац авдаг. Рапс тарих үрийг хавар нэг тонныг нь гурав орчим сая төгрөгөөр худалдаж аваад, намар нь нэг тонн рапсыг нэг саяар хятадуудад борлуулдаг. Тэгэхээр эдийн засагт өгөөжтэй таримал гэдэг нь маргаангүй. Тиймээс ч тариаланчид рапсыг сонирхох нь нэмэгдэн, анх 2004-2005 онд 10 000 га талбайд тарьж байсан бол өдгөө 80 000 га-д хүргэн, өргөжүүлжээ. Үүнээс гадна рапс нь буудайн талбайн гол сэлгээ болдог. Хүчтэй, хэмжээ томтой үндэстэй учраас хөрсний шимийг тэр хэрээрээ авдаг ч хөрсөнд ногоон масс их үлдээн, тухайн талбайд хогийн ургамал ургахгүй байх нөхцөл бүрдүүлдэг. Бид 60 орчим жилийн турш нэг жил буудай, дараа жил нь уринш гэсэн технологиор үр тариагаа тарьсаар ирсэн. Тэгвэл завсарт нь рапсыг сэлгэснээр нэгж талбайгаас авах ургацын хэмжээг 30 орчим хувиар өсгөсөн тооцоо бий. Энэ нь таримлын төрлөө нэмэгдүүлж байгаа нэг хэлбэр төдийгүй рапсаас чамгүй ашиг олох тул тун сайн сонголт болж буй. Харин рапсыг 2-3 жил өнжөөлгүйгээр жил бүр тариалаад байж болохгүй. Түүнчлэн рапсыг заавал чийглэг, дулаахан Дорнодод тарих албагүй, газар тариалангийн голлох бүс Төв, Сэлэнгийн нутагт тарьж болно, тэгж ч байгаа.

-Чанартай үрийг хэрхэн сонгодог юм бол. Ургамлын тос гаргаж авах ажлыг үргэлжлүүлэхэд юу шаардлагатай вэ?

-Рапсыг хар болон шар үрээр тарьдаг. Гэхдээ хар үрээр тариалах нь илүү үр өгөөжтэй юм билээ. ОХУ-аас цэвэр сортын хар үр импортлон тариалж улмаар багахан хэмжээний өндөр агрофонтой талбайд үржүүлэг хийн, тохиромжтой “сайн” үртэй болох хэрэгтэй. Эрлийз үрээр тариалахад 1-2 жилээс илүү хугацаанд ашиглах боломжгүй болж, өгөөж нь буурчихдаг. Миний судалгааны ажлын нэг хэсэг нь үр үржүүлэг буюу манай улсын байгаль, цаг уурын нөхцөлд тохирохуйц, өндөр чанартай үр гаргах юм. Одоогоор шар буурцгийн хоёр, рапс болон гурвалжин будааны тус бүр нэг сортыг Улсын сорт сорилтын төвөөр батлуулаад байна. Мөн рапсын үрийн стандартыг шинэчлэн боловсруулж, баталгаажуулахаар өгсөн. Хариу нь удахгүй гарах байх.

Манай улс жил бүр 20 улсаас 10 гаруй төрлийн, 23 000 орчим тонн ургамлын тос импортолдог гэсэн тооцоо бий. Нэг литр тос багадаа 3000 төгрөгийн үнэтэй гэвэл 69 гаруй тэрбумыг зарцуулдаг гэсэн үг. Харин нэг тонн рапсыг нэг сая орчим төгрөгөөр экспортолдог. Эндээс харахад дотооддоо ургамлын тос үйлдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Миний мэдэхээр манайд ургамлын тосны үйлдвэр хоёр байдаг. Баруунхараа дахь “Mind tech” компани жилд 1000-1200 тонн тос үйлдвэрлэдэг. Түүхий эдийн хомсдолоос шалтгаалж бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй байх. Учир нь ургац хураалтын үеэр хятадууд ирж, рапсыг өндөр үнээр худалдан авдаг. Тиймээс импортын голлох бүтээгдэхүүний нэг ургамлын тосны үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх бодлогыг төр, засгийн холбогдох байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэй. Эрдэмтэд, судлаачид дуу хоолойгоо өргөн, өөрсдөөс шалтгаалах дэмжлэгээ үзүүлэх боломжтой. Хэрэв тосны үйлдвэрлэлийг хөгжүүлж чадахгүйд хүрвэл түүхий эдээ экспортолж болно. Ер нь дэлхийн зах зээлд Казахстан улс тосны ургамлын экспортоороо тэргүүлж, маалинга, рапс зэргээсээ их мөнгө олдог. Бид тэдгээр улстай дүйцхүйц их орлого олж чадахгүй ч тариаланчид маань буудайны ашгаасаа илүүг олох боломж бий.

-Өөр ямар ургамал тариалж, бүтээгдэхүүн гарган авах боломжтой вэ?

-Усалгаатай газар тариаланг хөгжүүлж чадвал Дорнод бүсэд дээр дурдсан ургамлуудыг тариалах бүрэн боломжтой. Ялангуяа наранцэцэг нь тосны ургамлын гол таримал бөгөөд маш сайн чанарын тос “өгдөг”. Гэхдээ мөн л манайд тохирсон сортыг нь гарган, үрийн аж ахуйг нь хөгжүүлэх нь чухал. Ер нь тосны ургамлуудын дийлэнх нь болц удаан, ус их шаарддаг тул Дорнод аймгийн Халхгол орчимд л тариалах боломжтой.

-Тариаланчид эрдэмтэдтэйгээ хэр хамтран ажиллаж байна. Та гэхэд цөөнгүй ном гаргажээ. Шинэ санаа, эрдмийн ажлын үр дүнгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэн, аж ахуйн нэгж, улс орны эдийн засагт сайнаар нөлөөлөхийн тулд юу хийх ёстой вэ?

-Тариаланчид, аж ахуйн нэгжүүдийн хандлага их өөрчлөгдсөн. Буудай нь хангалттай ашиг өгдөггүй, хөрснөөс шим тэжээлийг нь авдаг, газраа тордоход их хөрөнгө зарцуулдаг бүтээгдэхүүн юм. Тиймээс нэг талаас тариаланчид эдийн засгийн өгөөжтэй таримал тариалах сонирхолтой болсон. Нөгөө талаас төрөөс буудайнд урамшуулал олгож, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэхгүй бол гурилын хэрэглээгээ хангахад бэрхшээл тулгарна. Тиймээс буудайн урамшуулал олгож байгаа хэрэг.

Гадаадын эрдэмтэд манайхыг өргөн уудам нутаг, эрүүл цэвэр хөрсөнд, цөөн нэрийн, ядмаг тариалан эрхэлж буйд гайхдаг. Ядаж тариалангийн нийт талбайнхаа 20 хувьд нь рапсыг сэлгээгээр тариалж хэвшвэл хаана хаанаа өгөөжтэй. Нэмж хэлэхэд, би зарим номдоо тосны ургамал тариалах технологийн талаар дэлгэрэнгүй, тодорхой оруулсан. Тухайлбал, үр суулгах үеийн агаарын болон хөрсний хэм ямар байх, хэр гүнд суулгах, яаж тордох зэрэг бүх зүйлийг багтаасан. Энэ нь заавал эрдэмтэн, мэргэжлийн хүмүүсийг талбайдаа ирүүлэхгүйгээр номоо уншаад, шаардлагатай мэдээллээ авах боломж бүрдүүлэх зорилготой. Ер нь тариаланчид бидний дэвшүүлж буй санаа, зөвлөгөөг сайн хүлээн авч, аль болох хэрэгжүүлж, ашиг орлоготой байхыг хичээдэг болсон.

-Та Дорнод бүсэд газар тариаланг хөгжүүлэх, ялангуяа өндөр ашиг шимтэй тосны ургамал тариалах боломжийн талаарх судалгааны ажлыг олон жил хийж буй. Тус бүсийн газар тариалангийн хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Дорнод бүсэд тосны ургамал тариалах, үр өгөөж болон тухайн таримлуудаас бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн талаарх судалгааны ажлыг олон жил хийж, 2000 онд хөдөө аж ахуйн ухааны доктор, 2019 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Судалгааны үр дүнгээ бүс нутгийн газар тариалангийн салбарын хөгжил, ялангуяа тосны ургамлын үйлдвэрлэлд нэвтрүүлэх сэн гэж боддог. Тус бүсэд газар тариалан эрхлэхэд маш таатай нөхцөлтэй, хөндөөгүй 270 000 орчим га талбай бий. Түүнийг бид нүдний цэцгий мэт хайрлах учиртай. Өөрөөр хэлбэл, манай улсын үүц юм. Хамгийн гол нь тэнд шинэ технологи нутагшуулж, наад зах нь газраа хагалахгүйгээр үрээ суулгаж хэвших ёстой. Хамаагүй хөндөж, янз бүрийн таримал тарин, туршилт явуулах шаардлагагүй. Ямар төрлийн ургамал таривал ашиг тустай талаарх шинжлэх ухааны судалгааг баримталбал зохино. Мөн экспортын чиг баримжаатай газар тариаланг хөгжүүлэхэд ч тун тохиромжтой газар юм.

-Дээрх ургамлуудаас тосноос өөр бүтээгдэхүүн гарган авах боломж бий юү?

-Шар буурцаг нь уургийн гол түүхий эд болдог. Уураг шаардлагатай хүмүүс, цагаан хоолтнуудад маш хэрэгтэй ургамал. Мөн рапсын үрийг шахаж тос гаргасны дараа шахдас үлддэг юм. Тэр нь маш үнэ цэнтэй бөгөөд мал, амьтны хүчит тэжээл болдог. Тосноос гадна тэжээлийн шинж чанартай ургамал гэж ойлгож болно. Тиймээс дэлхий нийтэд тариалалт, үйлдвэрлэл, бизнес нь цэцэглэж байгаа хэрэг. Энд дурдахад, Дорнодод бид рапсаас 20 орчим тонн тос, 50-60 тонн шахдас гаргасан. Шахдасаар нь Чойбалсангийн томоохон уурхайн гахай, тахианы аж ахуйн тэжээлийг бэлтгэдэг байсан. Бас рапсыг экологийн талаас аваад үзвэл ногоон масс ихтэй тул хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг. Дэлхийд хүчилтөрөгч ялгаруулалтаараа чихрийн манжингийн дараа хоёрдугаарт ордог юм.

-Манай улсын газар тариалангийн салбарын давуу болон сул тал юу вэ?

-Манай газар тариалангийн салбарын нэг том давуу тал нь эрүүл хөрс, эко бүтээгдэхүүн ургуулах боломж юм. Газар тариалан эрчимтэй хөгжсөн аль ч улсынхаас манай хөрс харьцангуй цэвэр, химийн бодисын хэрэглээ багатайд ордог. Хэрэв хэсэг бүс нутаг, аймаг, сумыг сонгон авч органик газар тариалангийн төв хэмээн зарлаж, бүх таримлыг тарих, ургуулахад шаардлагатай стандартыг мөрдүүлбэл илүү ашиг олох боломжтой. Ер нь органик талбайгаас хураасан бүтээгдэхүүн гэдэг бол дэлхий нийтэд нэгжээс авах ургац нь бага ч өндөр үнэлэгддэг. Тиймээс органик газар тариаланг бүсчлэн хөгжүүлэхэд хаана хаанаа анхаарах хэрэгтэй болов уу. Түүнчлэн хамгийн багадаа 100 000 га талбайд усалгааны систем нэвтрүүлбэл байгаль, цаг уурын хараат байдлыг зохицуулах боломжийг нэмэгдүүлж, нэгжээс авах ургацын хэмжээг ч өсгөн, чанарыг нь сайжруулах боломжтой. Өдгөө тариалан эрхэлдэг айл өрх, аж ахуйн нэгжүүд нийт 57 000 орчим га-д л усалгааны систем нэвтрүүлсэн.

-Зайлшгүй импортлох шаардлагатай, өргөн хэрэглээний хүнсний жагсаалт бий. Тэдгээрээс алиных нь түүхий эдийг дотооддоо тарьж ургуулах боломжтой вэ?

-1989 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараад стратегийн түүхий эдийг бэлтгэх зорилгоор чихрийн манжин тариалж байсан. Манайх усны асуудлаа шийдчихвэл чихрийн манжин тариалах бүрэн боломжтой. Халхголын бүсэд чийг, дулааны нөөц арвин тул чихрийн манжингийн сортын үрийг ч үржүүлж байв. Харин уг манжингаас элсэн чихэр гаргадаг үйлдвэр нь өндөр технологи шаардсан, томоохон байгууламж байдаг юм билээ. Тийм үйлдвэр байгуулах хөрөнгөтэй аж ахуйн нэгж олдохгүй байх магадлалтай. Түүнчлэн 1991-1998 онд цагаан будаа тарьж үзсэн. Мөн л усалгааг нь шийдэн, сайн тордох шаардлагатай. Дээрх ажлуудыг тухайн үеийн Засгийн газрын ивээлд хөтөлбөр хэрэгжүүлсний дүнд хийж байсан. Цөөнгүй хүний хүч, олон жилийн хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хавсарч, бодлогоор хэрэгжүүлэх учиртай тул яалт ч үгүй төрийн дэмжлэг хэрэгтэй болно.

Өнөөдөр сонин 2020-03-30 Н.Цэрэндулам