Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд “Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг”-т ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн биотехнологи, химийн тэнхимийн оюутнууд “Биологийн идэвхт бодисын ханд агуулсан органик саван гар аргаар үйлдвэрлэх” төслийн саналаа хүргүүлж дэмжигдсэн юм.
Төслийн хүрээнд оюутан, багш нар хамтран бүх төрлийн арьсанд тохирсон PH-бүхий биосаван гар аргаар үйлдвэрлэсэний зэрэгцээ судалгааны ажлаараа гарын авлага зөвлөмж гарган, тодорхой бүлгийнхэнд мэргэжлийн сургалт зохион байгуулжээ.
Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд арьс хуурайших, сэвх толбо, хацар хамрын судас өргөсөх, батгашилт зэрэг асуудлууд ихэвчлэн тулгарч байдаг төдийгүй сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой холбоотойгоор арьсны хавдрын асуудал дэлхий дахинд ихээхэн нэмэгдэх хандлагатай болсон байна. Эдгээр асуудлуудыг шийдэх үүднээс энэхүү хорт хавдарын эсийн хуваагдалыг зогсоох үйлчилгээ бүхий апигенин гэдэг флавоноидыг их хэмжээгээр агуулдаг ургамлын ханд агуулсан биорганик саван үйлдвэрлэхэд судалгааны ажлаа чиглүүлсэн байна.
Багш, оюутнууд апигениний агууламж өндөр бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг Яншуй, Бууцай, Артишок, Цоохор майлз болон зарим төрлийн цэцэгт (Багваахай, Балжингарам ) ургамлуудын биологийн идэвхт нэгдэл флавонойд болох апигенины агуулгыг судлан эдгээр ургамлын ханд агуулсан төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь энэхүү биоидэвхт ургамлын ханд агуулсан органик саван юм.
АНУ-н Иллинойсын их сургуулийн эрдэмтэд хавдарын эсэд апигенин гэдэг флавоноид хэрхэн нөлөө үзүүлдэгийг судлан хорт хавдарын эсийн хуваагдалыг зогсоох төдийгүй организм дахь хавдрын эсүүдтэй үйлчилж хавдрын эсийг нэмэгдүүлдэг орнитиндекарбоксилаза ферментийн үйл ажиллагааг дарангуйлан хавдрын эсийг устгадаг болохыг нотолсон байна.
Төсөл хэрэгжүүлэгч багийн ахлагчаар ХААИС-ийн МААБС-ийн ХАА-н бүтээгдэхүүний хими технолгийн 2-р курсийн оюутан Г.Эрдэнэчимэг, багийн гишүүдээр оюутан Б.Бумжид, Б.Гансүлд, Т.Нандинцэцэг нар ажиллаж, төслийн зөвлөхөөр багш, Химийн Ухааны доктор (Ph.D) С.Сарантуяа ажилласан юм. Төслийн нийт санхүүжилт 10 сая төгрөг бөгөөд оюутнууд төслөө амжилттай хэрэгжүүлээд байна.
Сонгон шалгаруулалтын нэгдүгээр шатанд 147 төслийн санал ирсэнээс, БСШУСЯ-ны “Ажлын хэсэг” эцсийн байдлаар 13 их, дээд сургуулийн 38 төслийг сонгосон юм.