ХААИС нь ХХААХҮЯ-ны дэргэдэх “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв”-тэй өнөөдөр /2021-01-22/ хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд тус төвийн захирал Б.Батхүү, газрын дарга Д.Даваадорж болон мэргэжилтнүүд, ХААИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд оролцлоо. Гэрээнд ХХААХҮЯ-ны харьяа лаборатори, төвүүдтэй хамтран ажиллах, их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнд хэрэгжиж буй томоохон төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, гарааны бизнесийг эхлүүлэх гэх мэт чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ХАА-н салбарт нэгээс доошгүй томоохон брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилт тавьснаа ХААИС-ийн захирал Т.Хэрүүга тодотгосон юм.
ХХААХҮЯ-ны дэргэдэх “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв” нь Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 3-ны 93 тоот тогтооолоор байгуулагдсан байна. “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг нийлүүлэх замаар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулжээ.
Тус төв нь салбарын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа туршилт, инкубаци, шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дамжуулах, сурталчлах, мэдээ мэдээллээр хангах чиг үүрэг бүхий зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан сургалт, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит улсын төсөвт үйлдвэрийн газар юм.