ОХУ болон Монгол Улсын судлаачдын хамтарсан ЭШ-ний хурал боллоо

Нийтлэгч : С.ЭРДЭНЭ-ОЧИР
Огноо: 2021-03-09 10:16:34

ОХУ-ын Суурь судалгааны сан, Монгол Улсын БШУЯ-ны санхүүжилтээр “Дэвшилтэт арга, технологид суурилсан органик хөдөө аж ахуйн хөгжлийн үзэл баримтлал боловсруулах нь”  сэдэвт судалгааны төслийг Монгол Улсын ХААИС, ОХУ-ын Алтайн хязгаарын ХААИС-ийн судлаачид 2020 оноос эхлэн хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн Монгол талын удирдагчаар академич, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор А.Бакей, ОХУ-ын талын удирдагчаар Алтайн хязгаарын ХААИС-ийн профессор Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Кундиус В. А. нар ажиллаж байна. 

Уг төслийн хүрээнд  “Монгол Улс болон ОХУ-ын бүс нутагт биоэрчимжсэн технологид суурилсан органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний цахим бага хурал  2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр амжилттай зохион байгуулагдав.

Уг бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд ОХУ-ын Алтайн хязгаарын Хөдөө аж ахуйн дэд сайд Михаил Чмырёв, мөн Алтайн хязгаарын хүнс болон боловсруулах үйлдвэрлэлийн захиргааны орлогч дарга Александр Кондыков нар оролцож, хуралд оролцогчдод баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв. Дэд сайд М.Чмыров хэлсэн үгэндээ, органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх нь хоёр орны иргэдийн, экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх хүсэл, сонирхолд тулгуурласан, цаг үеэ олсон чухал асуудал болохыг тэмдэглэж байв. А.Кондыков хэлэхдээ амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлэх, ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилтэт, аюулгүй технологи нэвтрүүлэх хэрэгцээ урган гарч байгааг онцлов. Мөн хурлын нээлтийн үйл ажиллагаанд ОХУ-ын Алтайн хязгаарын ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал доктор, профессор Попов Евгений Сергеевич, Монгол Улсын ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал доктор, профессор Г.Гантулга нар оролцож, хуралд оролцогсдод баяр хүргэн, амжилт хүсэж үг хэлэв.

Уг төслийн ОХУ, Монгол талын удирдагч Кундиус В.А. болон А.Бакей нар биоэрчимжсэн технологид суурилсан органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх үзэл баримтлал боловсруулах чиглэлээр хоёр талын судлаачдын өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн судалгааны ажлын үр дүн, цаашид хэрэгжүүлэх судалгааны ажлын чиглэл, хүлээгдэж буй үр дүнгийн талаар товч танилцуулга хийсэн болно.

Тус олон улсын бага хуралд ОХУ-ын Алтайн хязгаарын ХААИС-ийн профессор Кундиус В.А, профессор Ковалева И. В доцент Горшков В.В, доцент Стрельцова Т. В, доцент Галкин Д. Г. нар “Монгол Улс, ОХУ-д органик хөдөө аж ахуйн “ногоон эдийн засаг”–н бүс нутгийг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн үндэслэл”, “Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүс нутгийг оновчтой тогтоох, зах зээлийн судалгаа”, “Мал аж ахуйн органик үйлдвэрлэлд био эрчимжсэн технологи нэвтрүүлэх боломж”, “Малын органик тэжээл үйлдвэрлэл, тэжээлийн хангамж”, “Органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд байгаль цаг уурын нөлөө” зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Монгол Улсын талаас ХААИС-ийн профессор академич А.Бакей, профессор Г.Гантулга, дэд профессор Н.Баярсүх, доктор Г.Удвал нар “Монгол орны бэлчээрийн боломжит даацад нийцүүлэн малын тоо толгойг зохицуулах,сэдийн засгийн асуудлууд”, “Органик, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи сонгох үндэслэл”, “Монгол орны газар тариаланд биоэрчимжсэн технологи нэвтрүүлэх шинжлэх ухааны үндэслэл”, “Монгол орны малын тэжээлийн нөөц, тэжээлийн шимт чанар” зэрэг илтгэл танилцуулсан болно.



Цаашид хоёр талын судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгааны үр дүнгээр олон улсын өндөр үнэлэмжтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд хамтарсан өгүүлэл боловсруулж, нийтлүүлэхээр тохиролцов. Энэхүү төслийн хүрээнд дараагийн бага хурлыг 2021 оны 5 дугаар сард судалгааны ажлын арга зүйгээ харилцан нийцүүлэх чиглэлээр зохион байгуулахаар тохиролцов.