БНСУ-ын Политехникийн их сургуультай хамтарсан цахим хурал боллоо

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-03-26 19:15:45

ИТС-ийн багш, БНСУ-ийн Политехникийн их сургуулийн төгсөгч, доктор С.Баттуяагын санаачилгаар тус их сургуультай хамтран ODA төсөл хэрэгжүүлэх болон оюутан солилцох чиглэлээр цахим хурал зохион байгууллаа. Цахим уулзалтад ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Сүхтулга, Суурь боловсролын төвийн Гадаад хэлний тэнхмийн эрхлэгч, доктор С.Оюунчимэг, ИТС-ийн багш,  доктор С.Баттуяа болон ГХАХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Бүрэнзаяа, БНСУ-ийн Политехникийн их сургуулийн ГХАХ-ийн дарга Jeong-Hwan Jeon, төслийн мэргэжилтэн М.Очбилэг нар оролцож, хоёр их сургуулийн хамтран хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцлоо.

БНСУ-ын Политехникийн их сургууль нь Инновацийг дэмжих төслийн А зэрэглэлийн хамгийн өндөр түвшинг эзэмшдэг, энэ чиглэлээр улсдаа сүүлийн 8 жилийн хугацаанд нэгдүгээрт бичигдэж яваа их сургууль юм. Доктор С.Баттуяа нь сурч байх хугацаандаа тус их сургуультай 2016 оны 8 дугаар сарын 26-нд  хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулж байжээ. Уулзалтын үр дүнд ХААИС болон БНСУ-ийн Политехникийн их сургууль хоёр том багц ажил хэрэгжүүлэхээр тогтов. 

Үүнд: Нэгдүгээрт, хамтран ODA төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцав.  

БНСУ-ын Боловсролын Яам нь хөгжиж буй хөрш зэргэлдээх орнуудтай хөгжлийн загвар, туршлагаасаа хуваалцах үйл ажиллагааны хүрээнд уг төслийг зарладаг. Олон улсын хамтын ажиллагаатай тэргүүлэх их сургуулиудын дунд  энэхүү төслийг хэрэгжүүлдэг бөгөөд, тухайн орны боловсон хүчний чадавхийг сайжруулах, бааз суурийг бэхжүүлэх, замаар дээд боловсролын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой төсөл юм.

Хоёрдугаарт, IDDP буюу хамтарсан 2+2 оюутан солилцооны болон богино хугацааны өвөл, зуны танилцах хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэхээр ярилцаж, хоёр их сургууль тус тусдаа энэхүү хоёр багц хөтөлбөрт ажиллах багийн гишүүд, хариуцсан албан тушаалтнуудыг томилон ажиллуулахаар тогтов.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС