Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтаж ШУТСан болон ХААИС-ийн санхүүжилтээр тус их сургуулийн профессор багш нарын удирдан хэрэгжүүлж буй судалгааны төслийн үр дүнг олон нийтэд сурталчлах зорилготой “Шинжлэх ухаан, технологи, инновац-2020” нээлттэй өдөрлөг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ХААИС дээр амжилттай болж өндөрлөлөө. Уг өдөрлөгийн үеэр төслийн судалгааны багууд хэрэгжүүлж буй судалгааны ажлын явц, гарсан үр дүнг нээлттэй танилцуулж, харилцан туршлагаа хуваалцаж, цаашдын судалгааны ажилдаа анхаарах зүйл, салбар дундын судалгааг хөгжүүлэх боломжийн талаар талаар санал солилцов.
Өнөөдрийн байдлаар ХААИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн профессор багш нарын хувьд ШУТ-ийн захиалгат 9, инновацын болон технологи зүгшрүүлэлтийн 9, суурь судалгааны 7 төсөл, ХХААХҮ-ийн сайдын грант 3, ХААИС-ийн санхүүжилттэй 8 төсөл, нийт 37 судалгааны төслийг 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Эдгээр төслүүдээс 21 төслийн үр дүнг олон нийтэд нээлттэй танилцуулав. Үүнээс гадна Швейцарын хөгжлийн агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA), БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA) зэрэг олон улсын байгууллагын санхүүжилтээр 60 гаруй төслийг 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр, тус их сургуулийн профессор багш нар амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Тус өдөрлөгт танилцуулсан судалгааны төслүүдийн зарим онцлох үр дүнгээс тэмдэглэвэл:
Доктор О.Баатарцогт удирдагчтай “Монгол Улсын махны чиглэлийн үхрийн удам зүйн үнэлгээг хийх, монгол махны тодорхой генийг молекул биологийн аргаар тогтоох судалгаа”, сэдэвт ХХААХҮЯамны захиалгат төслийн судалгааны ажлын хүрээнд малд удам зүйн үнэлгээ хийх аргачлалын зөвлөмж, гарын авлагыг боловсруулсан байна.Тус гарын авлагад малын ашиг шимийн гадаад шинж тэмдгийн илрэлийн үзүүлэлтэд суурилан малын гарваль, үүлдэрлэг байдлыг тодорхойлж, малын ашиг шимд нөлөөлөгч шинж бүрийн 1). эдийн засгийн ач холбогдол (эдийн засгийн харьцангуй үнэлэмж) 2). фенохэвшлийн нийт хувьсалд удамшлаар нөхцөлдсөн хувьслын хэмжээ (удамшилт) 3). бусад шинжтэй холбогдох удамшлын ба орчны харилцан хамаарал тодорхой байхаар удам зүйн үнэлгээг хийх зөвлөмжийг тусгасан нь үржил, селекцийн ажлын үр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болжээ. Мөн Монгол оронд үржүүлж буй нутгийн болон нутагшуулан үржүүлж буй махны чиглэлийн үхрийн махны шинж чанарыг нөхцөлдүүлэгч MC1R, FASN болон CAST генүүдийг PCR-RFLP аргаар MspI, HpaII , MscI таслагч энзимүүдээр үйлчлүүлэн илрүүлэх судалгааг гүйцэтгэж, судалгааны ажлын үр дүнгээр “Genetic diversity analysis of Mongolian native cattle and other cattle breeds based on microsatellite marker” өгүүллийг “Genetics and Molecular Research” сэтгүүлд 2019 онд нийтлүүлж, нийтийн хүртээл болгосон байна.
Доктор, профессор Б.Баттөр удирдагчтай “Хүнсээр дамжин халдварладаг эмгэг төрүүлэгч илрүүлэх дэвшилтэт аргыг нэвтрүүлж, хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэх”, 2018-2020 сэдэвт Монгол-Хятад улсын хамтарсан төслийн үр дүнд хүнсээр дамжин халдварладаг токсоплазмаг хүнсэнд хэрэглэгдэж буй маханд молекул биологийн аргаар илрүүлэх дэвшилтэт (ПГУ, LAMP-PCR)аргын судалгааг гүйцэтгэж, урвалын үндсэн нөхцөл тогтоогдсон байна. Түүнчлэн хүнсэнд хэрэглэгдэж буй үхэр, гахай, адуу, хонины маханд Taena saginata-ын COX1 генийн дараалалд тулгуурласан T1, F, R праймер ашиглаж ПГУ-ын шинжилгээг хийжээ. Цистицеркозыг оношлох ПГУ-ын арга боловсруулан ЛАМП-ПГУ-ын аргыг мөн тогтворжуулан, техникийн баталгаажилт хийгдсэн байна.
Мөн доктор, профессор Б.Баттөр удирдагчтай “Адууны нийлүүлгийн өвчний оношлуур, эмийн үйлдвэрлэл, технологийн туршилт, зүгшрүүлэлт”, 2019-2020 инновацийн төслийн хүрээнд адууны нийлүүлгийн өвчнийг оношлогоонд орчин үеийн биотехнологийн дэвшил дээр суурилсан рекомбинант эсрэгтөрөгч бүхий Фермент Холбох Эсрэг Биеийн Урвал (ФХЭБУ)- ын оношлуур- 45 цомог, Түргэн оношлуур нийт 12500 ширхэгийг өөрийн оронд үйлдвэрлэж сүүлийн 2 жилд УМЭАЦТөв лаборатори болон аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораториудад нийлүүлсэн байна. Уг өвчнийг эмчлэх, импортын эм бэлдмэлүүдтэй ижил үйлдэл бүхий эмийн бэлдмэл үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх судалгааны хүрээнд адууны нийлүүлгийн өвчний үүсгэгчийн эсрэг өндөр идэвхтэй дээрх 2 эмийн технологи, идэвхийн судалгааг бүрэн хийж гүйцэтгээд байна. Цаашид Мал эмнэлгийн үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийг батлуулахаар ажиллаж байна.
Доктор, дэд профессор Т.Балдан удирдагчтай “Үхэр сарлагын өндгөн эсийг гадна орчинд өсгөвөрлөх, үр тогтоох, шилжүүлэн суулгах технологи” сэдэвт, 2019-2021 онуудад хэрэгжих, ХХААХҮЯамны захиалгат төслийн хүрээнд Малын Удмын Сангийн Үндэсний төвд чанарын шаардлага хангасан Монгол сарлагийн гүн хөлдөөсөн, сайн чанарын гүн хөлдөөсөн үр шаардлагатай байсан тул Малын Удмын Сангийн Үндэсний Төвийн мэргэжилтнүүдтэй хамтран 8-р сарын 25-30, 9-р сарын 26-наас 10-р сарын 02-ны хооронд сарлагийн бухнаас үр авах, гүн хөлдөөж хадгалах ажлыг хийж гүйцэтгэжээ.
Доктор, дэд профессор Г.Гэрэлцэцэг, “Бэлчээрийн монгол малын маханд агуулагдах зэрэгцээ холбоот линолейны хүчлийг (ЗХЛХ) гүзээний тэжээл боловсруулалттай холбон судлах нь” сэдэвт суурь судалгааны үр дүнд хүний эрүүл мэндэд олон талын эерэг нөлөөтэй Зэрэгцээ холбоот линолейний хүчил нь бэлчээрийн монгол хонины маханд малын насны дагуу болон булчин мах, өөхөн эдийн анатомийн байршлаас хамааран харилцан адилгүй агуулагдах байгааг тогтоожээ. Өөхөн эдэд энэхүү хүчлийг авч үзэхэд хонины сүүлэнд, ялангуяа хурганы сүүлэнд 16-23 mg\g буюу хамгийн ихээр агуулагдах ба түүний нийлэгжилтэд чухал нөлөөтэй Δ9-десатураза фермент ч мөн хурганы сүүлний өөхөнд 5.05±0.35 ng/ml байгаа нь бусад насны хониныхоос харьцангуй өндөр байгаа нь илэрчээ. Булчин махны ЗХЛХүчлийн агууламж нь хонины насаар авч үзвэл шүдлэн хонины маханд хамгийн их агуулагдаж байгааг төслийн багийнхан тогтоосон нь бэлчээрийн Монгол малын махны үнэ цэнийг нэмэгдүүлэх, улмаар экспортыг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй үр дүн болсон байна.
Доктор М.Нарангэрэл удирдагчтай “Шар сүүгээр пробиотик ундаа, талх үйлдвэрлэх технологи” сэдэвт инновацын төслийн хүрээнд айраг, тараг, нэрс, аньс жимсний дээжээс сүүн хүчлийн бактерийг тодорхойлж, ялган авсан өсгөвөрүүдийг NCBI-ийн генийн санд бүртгүүлжээ. Мөн шар сүүний ундаа болон талхны тус бүр 4 хувилбар бүхий лабораторийн болон үйлдвэрлэлийн туршилт хийгдсэн бүтээгдэхүүний дээжээс танилцуулж олон нийтийн талархлыг хүлээлээ. Төслийн үр дүнд технологийн 4 заавар боловсруулж, баталгаажуулсны зэрэгцээ эрдэм шинжилгээний 4 өгүүлэл нийтлүүлж, нийтийн хүртээл болгосон байна.
Тус их сургуулийн санхүүжилтээр дэд профессор Д.Ундармаа ахлагчтай багийн хэрэгжүүлсэн “Ургамлын пестицид бэлтгэх технологи” сэдэвт төслийн хүрээнд Монгол оронд ургадаг эмт шинж чанар бүхий зарим ургамлын пестицид шинж чанарыг тогтоож, улмаар хөнөөлт организм (хөнөөлт хачиг, шавж, ургамлын өвчин)-той тэмцэх зориулалттай ургамлын пестицид (botanical pesticide) бэлтгэх арга, технологийг боловруулсан байна. Тухайлбал: Таримал Их шүүдэргэнэ ургамлыг усан, спиртэн ханд, нийлбэр алкалойд, ургамлын саван зэрэг хэлбэрээр бэлтгэн ургамлын бөөс (Brevicoryne brassicae, Myzodes brassicae), трипс (Thrips. tabaci), хоёр толбот шүлхий хачиг (Tetranychus urticae) зэрэг үе хөлтөн хөнөөлт организмын эсрэг туршихад тоорийн бөөсийг их шүүдэргэний усан ханд 75.3-91.3%, тамхины трипсийг 80%, хоёр толбот шүлхий хачгийг 70%, харин нийлбэр алкалойд нь байцааны бөөсийг 100%, их шүүдэргэнэ ургамлын савангийн 1%-10% уусмал нь 69-100%-иар тоорийн бөөсийг үхүүлсэн байна. Харин байгалийн хар лантанз ургамлын усан бэлдмэл нь тоорийн бөөсийг 60-90%, тамхины трипсийг 95%, хоёр толбот шүлхий хачгийг 47.6%, харин Морин шарилж ургамлын усан бэлдмэл нь тоорийн бөөсийг 66.6-74.6%-иар үхүүлсэнээс үзэхэд эдгээр ургамлууд нь өндөр инсектицид үйлчлэлтэйг болохыг тогтоосон байна. Мөн эдгээр нь ургамал нь бактери, мөөгөнцрийн эсрэг фунгицид үйлчлэлтэй болохыг илрүүлсэн байна.
Ийнхүү уг өдөрлөг, профессор багш нарын удирдан хэрэгжүүлж буй судалгааны үр дүнг эрдмийн хамт олон, оюутан залуучуудад нээлттэй танилцуулах боломж олгосон, судлаачдын хувьд харилцан бие биенээсээ суралцаж, туршлага хуримтлуулсан, цаашдын судалгааны чиглэлийг тогтооход үр нөлөөтэй чухал арга хэмжээ болсоныг профессор багш нар, судлаачид тэмдэглэж байлаа.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН АЛБА