МЭС алсын зайн сургалтын танхимтай болов

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-12-11 04:27:26

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед Монголд бүхий л шатны боловсрол цахим хэлбэрээр явагдаж байна. Тиймээс практик мэдлэг, ур чадвар олгодог хичээлүүдийг алсын зайнаас хэрхэн үр дүнтэй удирдан явуулах вэ гэдэг асуудал тулгарч буй билээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд Мал эмнэлгийн сургууль “Алсын зайн сургалтын танхим”, “Анатоми, физиологийн танхим”-аа дээрх шаардлагад нийцүүлэн тохижуулжээ.

Тухайлбал, Анатоми, физиологийн танхимийг Японы Хоккайдогийн их сургуулийн хамтын ажиллагаа, ЖАЙКА олон улсын байгууллага болон Мал эмнэлгийн сургуулийн санхүүжилтээр тохижуулсан байна. ЖАЙКА олон улсын байгууллагаас 10 сая, Мал эмнэлгийн сургуулиас 20 сая төгрөгийн санхүүжилтээр шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Энэ хүрээнд хамгийн сүүлийн үеийн 26 микроскоп, 10 компьютер суурилуулагдсан бөгөөд компьютер тус бүр хивдэг болон хивдэггүй амьтан мөн шувуу, нохойны үлэмж бие бүтцийг судлах 3D программтай. Тиймээс оюутнууд энэ программыг ашиглан виртуал орчинд суралцах боломж бүрджээ. Мөн мал амьтны бие бүтцийг судлуулахын тулд заавал амьд мал дээр туршилт хийх шаардлагагүй болсон байна.

“Алсын зайн сургалтын танхим”-ыг Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон Алт-Малын Эрүүл Мэнд төслийн 151 491 980 төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн тохижуулсан. Ингэснээр бакалавр болон магистр, докторын оюутнуудыг цахим сургалтад хамруулах, төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтыг ч алсын зайнаас удирдан явуулах боломж бүрджээ. Мөн дээр санхүүжилтийн хүрээнд малын эмч, малчдад зориулсан сурах бичиг, цахим сургалт удирдан явуулах гарын авлага, дүрэм журам бүгд багтсан байна.