Мартах аргагүй ачтан

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-12-17 10:40:07

ХААИС-ийн анхны захирал, профессор Цэвэгжавын Жамьянжавын мэндэлсний 100 жилийн ойд зориулав 

1954 оны наймдугаар сар шувтрах дөхсөн налгар сайхан цагсан. Аймгийнхаа анхны арван жилийг төгссөн арваад хүүхэд хонгор нутгаасаа шуудангийн машинаар гарч хоёр хоноод үдшийн бүрийгээр нийслэл хотын бараа харав. Шар хөвийн дөрөлж дээр гарч ирэхэд нийслэл хот гэдэг их айлын гэрэл чийдэн гялалзаж цацраад юм үзэж, нүд тайлаагүй бидэнд сүр бараатай гэж жигтэйхэн. Шуудангийн машин явсаар “Усны гудамж” гэдэг газар биднийг буулгав. Хүн таньж, газар мэдэхгүй бид тэндээ өглөө болохыг хүлээж, суугаа босоо хоёрын хооронд хонолоо. Нар мандмагц тус тусын сургуулийг олохоор хоёр тийш салцгаав.

Улсын Их сургуулийн багш, эдийн засагч, хүн, малын эмчийн ангид хуваарьтай долоон хүүхэд бид ээж аавынхаа бэлтгэж өгсөн хэдэн бор ааруул, ганц удаа солих цамц дээлээ хийсэн шуудай, модон хайрцгаа үүрч чирэн их сургуулиа сурагласаар бага үдийн орчим зорьсон газраа олж ирлээ. Шуудайтай, хайрцагтай “эд хогшлоо” сургуулийн өмнөх Маршал Чойбалсангийн хөшөөний дэргэд тавьж орхиод элсэлтийн шалгалтаа өгцгөөх боллоо.

Аравдугаар ангиа төгсөөд анагаахын хуваарь авсан би бараг л эмч болчихсон мэт баярлаж хөөрсөн амьтан хөдөө гэртээ ирлээ. Миний хуваарийг сонссон аав маань баярласан царайгүйгээр үл барам бодлоо нэрж хэсэг сууснаа тэр их сургууль чинь малын эмчийг сургадаг гэж дуулсан юм байна. Миний хүү түүнд нь орж болохгүй юм болов уу. Охин минь чи малчны гэрт төрж, малын дэргэд өсч өндийж өдий зэрэгтэй болсон. Чи бас малд хайртай. Өнчин ишиг үхэхэд хүртэл уйлж гасалж сүйд болдог биз дээ. Хүний эмч болж хүн эмчилнэ гэдэг сайхан байлгүй яахав. Сайн эмч боллоо гээд хүн огт үхүүлэхгүй байж чадах уу? Эмчилж оролдсоор байтал айлын хүүхэд эндчихвэл яах вэ? Эмчилж дийлэхгүй өвчин байж болно шүү дээ. Тэр үед уйлах ч багадах байх. Сайн л бодоорой гэв. Аавын хэлсэн үгэнд сэтгэл минь хоёрдож орхих нь тэр ээ. Уг нь би тэр үед малын эмчээс илүү хүний эмчийн мэргэжлийг сонирхож байсан юм.

Хүн, малын эмчийн ангид элсэгчид хими, монгол, орос хэлний шалгалт өгдгөөрөө ижилхэн. Шалгалтад тэнцсэн хүүхдүүдийг бүртгэж авахаар хүн эмнэлгийн салбарын декан Од, мал эмнэлгийн салбарын декан Жамьянжав гэдэг хоёр багш нэг өрөөнд ажиллаж байв.

Миний орох ээлж боллоо. Од багш хуваарийг минь авч үзээд –манай анагаахын хүүхэд байна гээд бүртгэх гэхэд нь би:

-Уг нь хүн эмнэлгийн ангийн хуваарьтай л даа. Аав маань намайг малын эмч болоорой гэсэн юм гээд хэлчихлээ. Нөгөө ширээнд суусан ханхар биетэй, дөлгөөн зөөлөн харцтай, нүдээрээ инээмсэглэсэн намуун сайхан дуутай багш /Жамьянжав/ уухайн тас угтаж аваад,

-За нааш ир. Чи аавынхаа захиснаар малын эмч болох нь зөв. Хүний эмч зөвхөн хүнийг эмчилдэг, гэтэл малын эмч бол хүн төрөлхтөнийг эмчилдэг гэж Оросын аугаа их эрдэмтэй Павлов хэлсэн юм гээд намайг шууд л мал эмнэлгийн ангид бүртгэж авч билээ.

Аавын минь захиас, Жамьянжав багшийн зөвлөгөө хоёр ийнхүү нэгэн уулзварт нийлж насан туршийн амьдралын минь чиг замын заасан 1954 оны наймдугаар сарын 26-ны тэр өдрийг би яахан мартах билээ. Чухам энэ үеэс л мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Жамьянжав хэмээх нэрт эрдэмтэнтэй багш шавийн барилдлагатай болсон юм. “А” үсгийн ацаг нүдэлсэн балчир наснаасаа бага, дунд сургуулиар дамжин, дотоод, гадаадын их дээд сургуульд суралцахдаа хичнээн олон эрдэмтэн багшаас ном эрдмийн авшиг хүртсэнийг тоолж баршгүй ээ.

Он жилүүдийн тоосонд тархины атираа гадагшилж, духны үрчлээ нэмэгдэхийн хэрээр хүн гэдэг бодгаль өөрөө өөртэйгээ ярьж, сурч мэдсэн, хийж бүтээсэн, алдаж оносноо дүгнэн цэгнэхийн зэрэгцээ өдий зэрэгтэй яваа минь хэний ач буян билээ хэмээн эргэн дурсдаг ажээ. Тээж төрүүлж, өсгөж өндийлгөсөн эх, эцгээ юуны түрүүнд бодож дурсах нь зүйн хэрэг боловч түүнээс дутахааргүй ачтан гавьяатан хүн бүхэнд бий. Тэднийгээ хүндлэн дурсана гэдэг бас хүний ёс оо. Миний хувьд дурсан санах ачлалт багш, найз нөхөд олон бий. Түүний дотроос Ц.Жамьянжав багш маань хамгийн хүндлүүлэх гавьяатай нэгэн билээ. Учир юу вэ гэвэл эрдмийн танхимд таван жил сурахдаа Жамьянжав багшаар хичээл заалгаад зогсохгүй сургуулиа төгсөж орон нутагт ажиллаж байхдаа ч багшийнхаа ач тусыг авч байсан удаа надад олон бий. Бидний багш бол маш энгийн даруу, эрдэм мэдлэгийг тархиндаа баринтаглаж, энэрэн нигүүлсэх их хайраар шавь нараа өөрийн үр мэт хайрладаг, тусалж дэмждэг онцгой нэгэн байсан юм. Эх орны дөрвөн зүг найман зовхист улс орноо хөгжүүлэхээр хүчин зүтгэж яваа хөдөө аж ахуйн төрөл бүрийн мэргэжлийн мянга мянган шавь, шавийн шавь нарынх нь зүрх сэтгэлд Жамьянжав гэдэг аугаа эрдэмтэн сурган хүмүүжүүлэгч багш, тулхтай зохион байгуулагчийн гэгээн дүр төрх зул мэт бадамлан байгаа гэдэгт би эргэлздэггүй ээ. Энэ их эрдэмтнийг “Багшаа” гэж дуудах эрх бүхий олны олон шавийнх нь дотор өчүүхэн би ч багтнам.

Жамьянжав багш бол Монголын мал эмнэлгийн мэс засалч эмч нарын анхдагчийн нэгэн бөгөөд сарлаг үхрийн эргүү өвчнийг мэс ажилбараар эмчлэх цоо шинэ аргыг нээсэн хүн. Түүний энэ нээлт дэлхийн мал эмнэлгийн шинжлэх ухаанд Монгол улсын нэрийг дуурсгах дорвитой бүтээл болсон юм.

Даруу гэхэд дэндүү даруу, эглээс эгэл Жа багш маань нэртэй эрдэмтэн, сайн сурган хүмүүжүүлэгч багш байхын зэрэгцээ гарамгай зохион байгуулагч байсан. Жамьянжав багш чухам хэдэн оноос Монгол Улсын Их Сургуулийн зоо-мал эмнэлгийн салбарын декан байсныг би мэдэхгүй. Ямар ч гэсэн 1954 онд намайг их сургуульд ирэхэд манай салбарын декан байсан юм. 1958 онд их сургуулиас зоо-мал эмнэлгийн салбар тусгаарлаж Зайсанд Хөдөө аж ахуйн дээд сургууль болоход захирлаар ирээд 1986 он хүртэл ажилласан. Уг албаа нэр төртэйгээр хашсан. Өнөөдөр хөдөө аж ахуйн чиглэлийн хичнээн их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн Зайсанд буй болсон байгаа билээ. Энэ бүхэнд доктор профессор Ц.Жамьянжав багш онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй маргах хүн гарахгүй буй заа.

Тэр албан ажлынхаа хажуугаар оюутан, багш ажилчдаа нийгэм олон нийтийн ажилд идэвхтэй оролцуулдаг төдийгүй өөрөө манлайлан орж үлгэр үзүүлдэг байлаа. Жамьянжав багш уран сайхан барилдана. Найр наадам болоход Хөвсгөл нутгийн Хотгойд ардын дуугаа намуухан сайхан аялчихна. Ер нь наадамд гурван даваатай, найранд гурван дуутай гүндүүгүй сайхан монгол эр хүн байсныг мэргэжил нэгт нөхөд, оюутан шавь нараас нь эхлээд мэдэх хүн олон бий дээ.

Багш маань декан байхдаа ч бас захирлын алба хашсан үедээ ч шавь бидэндээ мал эмнэлгийн мэс заслын хичээлийг заасаар л байсан. Лекц уншихдаа намуун зөөлөн дуугаар маш ойлгомжтой, цээжинд хоногштол ярина. Оюутнууд асуулт асуухад их тааламжтай, нүдээрээ инээгээд л хариулна. Багшийг уурлаж  уцаарлаж, чанга дуугарч байхыг үзэж сонсоогүй ээ. Үргэлж л инээмсэглэж явна. Нэг үгээр хэлбэл тэр их нүүрийн буянтай, бусдын хайрыг өөртөө татах эерэг энергитэй нэгэн байсан гэж боддог юм.

Амьдралд хөл тавьж буй үр хүүхдийнхээ араас сэтгэл чилээдэг эцэг эхийн адилаар, шавь нар маань мэргэжил эзэмшээд төгслөө, одоо миний үүрэг гүйцсэн гэж Жамьянжав багш хэзээ ч боддоггүй байсан. Хэн хаана ямар ажил эрхэлж явааг үргэлж сураглаж, уулзсан нэгэндээ зөвлөгөө сургаалаа хайрлан тусалж дэмждэг байсныг олон хүн мэдэх байх аа. Би ч бас багшийнхаа тусламжаар мэдэхгүй чадахгүй асуудлаас гарч аврагдаж байсан удаатай.

Би 1959 онд сургуулиа төгсөөд төрсөн нутаг Баянхонгортоо ажиллаж байлаа. 1961 оны зун нийслэлд ирж “Улаанбаатар” сувилалд амарч сувилуулж байтал малын эмчийн мэргэжилтэйг минь сонссон тогооч авгай надтай аминчлан уулзаад гахайн дөрвөн торой засч өгөөч гэж гуйв аа. Оюутан байхдаа ч, бас эмч болсон хойноо ч гахай засч үзээгүй, үзэх тухай бодоо ч үгүй байтал ийм хэцүү зүйлтэй тулгарчихав аа. Чадахгүй гэж хэлэхээсээ нэрэлхээд за гээд хэлчихлээ. Гэртээ байсансан бол ном сурах бичгээ эргүүлж харахсан, ийм үед аварлын бурхан сургууль багш нар минь л гэж бодогдов.

Тусламж авахаар Хөдөө аж ахуйн дээд сургууль руугаа харайлгалаа. Зун цаг болохоор оюутан багш нар амраад сургууль маань эл хульхан байв. Шаварт унасан шарын эзэн болохоор захирал багш ажил дээрээ байсан нь аз боллоо. Эмээж, зовсоор Жамьянжав багштайгаа уулзаж мэнд усаа мэдэлцээд ирсэн учраа хэлж туслахыг гуйлаа.

-За хө, багш нар амарчихсан. Мэс заслын тэнхимээс Даваа багшийн гэр л ойрхондоо гэснээ туслахаараа Даваа багшийг дуудуулаадахлаа. Тэр хооронд миний амьдрал, ажил төрлийн талаар асууж ярилцаж байтал ашгүй Р.Даваа багш ч хүрээд ирлээ.

-За Даваа багш аа, энэ Дорждулам том “өрөнд” орчихоод сандарч яваа юм байна. Чамайг ирэхгүй бол би л явдаг юм билүү гэж бодож суулаа шүү гээд хөгжилтэй инээснээ, дөрөвхөн торой л засах юм гэнэ. Хутаг мэс ариутгалын бодисоо аваад та хоёр явдаа гэв.

Ийнхүү Жамьянжав, Даваа багш хоёрынхоо ачаар хэцүү даваанаас аврагдаж билээ. Хэрвээ Жамьянжав багшаас өөр хүн байсан бол надад ингэж туслах байсан эсэхийг мэдэхгүй юм. Жамьянжав багш бол ийм л өгөөмөр сайхан сэтгэлтэй хүний дээд хайлан байсан билээ.

Би Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн ерөнхий эмч бөгөөд Хөдөө аж ахуйн удирдах газрын орлогчийн алба хашиж байсан 1963 оны 6 дугаар сарын 20-доор намайг “Үнэн” сонинд ажиллуулна” гэсэн бичиг аймгийн Намын хороонд иржээ. Аймгийн удирдлага, -Чи ажлаа хийж бай, чамайг шилжүүлэхгүй. Бид төв рүү ярина гэлээ. Улсын баяр Наадмын дараахан ХААЯ-ны боловсон хүчин Пүрэвээ утасдаж: -Чи түргэн ирээч ээ. “Үнэн” сонин чамайг нэхээд байна гэв. 7 дугаар сарын хорьдоор би гэрээ нүүлгээд хотод ирж ХААЯ-н дээр очтол, -Чамайг ирэхгүй болохоор Архангайгаас ирсэн агрономич Осорыг сонинд өгчихлөө. Жамьянжав багш чамайг сургуульдаа багшлуулъя гэсэн. Чи тийшээ оч гэлээ. Тэр үед эдийн засагч, агрономич, хүн малын эмч зэрэг тусгай мэргэжлийн хүмүүсийг сонин сэтгүүлд авч, сэтгүүлчээр мэргэшүүлэх нам төрийн бодлого байсан юм билээ. Би сургууль дээрээ ирж захиралтайгаа уулзаж малын дотор өвчний хичээл заахаар болж, 8 дугаар сарын нэгнээс багшлах тушаалыг Жамьянжав багш маань гаргав. Харамсалтай нь “Үнэн” сонин түрүүчийн өгсөн хүнийг буцааж, намайг авснаар би сургуульдаа үлдэж чадаагүй юм даа. Тус сургуулийн багш гэж /1 сарын хугацаатай/ Жамьянжав багш маань гарын үсгээ зурсан тушаал сургуулийн архивт хадгалагдаж байдаг байх аа. ХАА-н институтийг төгсөж, малын их эмч болсон 38 дугаартай диплом болон Улсын шалгалтын комиссын протоколд ХААДС-ийн захирал Ц.Жамьянжав гэж хөх бэхээр таталган бичсэн Жа багшийн маань гарын үсгийг би нэгэн жаран илүү хугацаанд дурсан дурсан нандигнан хадгалсаар байгаа билээ.

Жамьянжав багш, аав хоёрынхоо зааж зөвлөснөөр олсон анхны мэргэжлээ сэтгүүлчээр сольсон ч улсад анх хүчээ нэмэрлэсэн малын эмчийн мэргэжлээсээ хэзээ ч сэтгэл урваж байгаагүй ээ. Миний хоёр дахь мэргэжил сэтгүүлч болоход малын эмчийн ажил мэргэжил минь тусалсан учраас малын эмч, сэтгүүлч гэсэн хоёр мэргэжлийнхээ аль алинд нь би хайртай.

    МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ДАВААГИЙН ДОРЖДУЛАМ