Академич, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, профессор Я.Ганболд энэ онд бүтээсэн дөрвөн боть номын дээжээ ХААИС-ийн Төв номын санд бэлэглэлээ. “Таван хошуу малын өвчин, эмгэгийг эмчлэх, засах, ардын уламжлалт арга, туршлага”, “Мал эмнэлгийн эмийн хэлбэрүүд, тэдгээрийн жорын бичилт”, “Мал эмнэлгийн эмийг зохистой хэрэглэх арга замууд”, “Мал эмнэлгийн эмийн зохистой хэрэглээ” зэрэг дөрвөн номыг ХААИС-ийн оюутан, багш, судлаачид унших боломжтой боллоо.
“Мал эмнэлгийн эмийн зохистой хэрэглээ” номыг Европын холбоо, НҮБ-ын ХХААБ-ын санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, ХААБ, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн захиалгаар хэвлүүлсэн байна. Тус номд мал эмнэлгийн эмийг хадгалах ерөнхий шаардлага, эмийн хорио, зохисгүй хэрэглээг илрүүлэх, малын эмийн үлдэгдлийг хүнсний бүтээгдэхүүнд илрүүлэх, хянах аргууд, хүнсний бүтээгдэхүүн дэх малын эмийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ зэрэг эмийг хадгалахаас хэрэглэх, эсрэг нөлөөг тодорхойлох хүртэлх бүхий л үе шатыг мал эмнэлгийн салбарын эмч мэргэжилтнүүд, эмч зүйч, бүхий л оролцогч нарын өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглахад зориулан бүтээжээ.
“Мал эмнэлгийн эмийг зохистой хэрэглэх арга замууд” бүтээлдээ Дэлхий мал, амьтны эрүүл мэндийн байгууллага болон ДЭМБ-аас гаргасан удирдамж, стандарт, заавар зөвлөмжүүд, тэрчлэн Монгол Улсын болон бусад орнуудын мал эмнэлгийн эмийн үйлдвэрлэл, судалгаа, хяналт, хэрэглээний эрх зүйн баримт бичгүүдийг судалж, малын эмийн хэрэглээнд оролцогч талуудад ойлгомжтой хэлбэрээр бичсэн байна. Энэхүү номд мал амьтанд урьдчилан сэргийлэх, эмчлэх зориулалтаар хэрэглэж байгаа эмийн ашигтай талыг мэдэж авахаас гадна буруу хэрэглээний эрсдэл, түүнээс үүдэн бий болох нийгэм, эдийн засаг, биологийн хор уршгийн талаарх мэдээллийг багтаажээ.
“Мал эмнэлгийн эмийн хэлбэрүүд, тэдгээрийн жорын бичилт” номондоо шинээр хэрэгжих хууль тогтоомжтой холбоотой асуудлыг тусгажээ. Тухайлбал, “Жороор олгох мал, амьтны эмийн жагсаалт, журмыг мал амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэж заасны дагуу Мал эмнэлгийн газраас дээрхи журам, түүнийг дагалдан гарах жороор олгох эмийн жагсаалтыг гаргахаар зэхэж байна. “Жороор олгох мал, амьтны эмийг дур мэдэн хэрэглэсэн бол тухайн хот айл, эрчимжсэн аж ахуйгаас мал амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх эрхийг гурван сараар хязгаарлах” гэсэн заалтыг мэргэжлийн болон албан тушаалын хүрээнд малчид, мал бүхий иргэдэд зөвөөр ойлгуулах зорилгоор энэхүү номыг бүтээжээ. Тиймээс мал амьтны эмийг жороор олгох, хүлээн авах ажлыг эмийн сангуудад яаралтай нэвтрүүлэх, малын эмч мэргэжилтнүүд жор бичилтийг хэвшмэл ажил болгох, улмаар жорыг үнэн зөв бичихэд энэхүү ном чухал гарын авлага болжээ.
“Таван хошуу малын өвчин, эмгэгийг эмчлэх, засах, ардын уламжлалт арга, туршлага” бүтээлд нүүдэлчин Монголчуудын дэлхийн түүхэнд үлдээсэн нэгэн гайхамшигт өв соёл болох уламжлалт мал эмчлэх, засах арга туршлагыг товч тодорхой малчин ардын нэрлэдэг хэллэгээр энгийн хялбар хэлбэрээр бүтээжээ. Ингэхдээ малд нийтлэг тохиолддог өвчнүүдийн талаар өгүүлж, өвчнийг эмчлэх, засах арга, хэрэгсэл нь адил төстэй байх тул үхэр, хонь, ямааны өвчнүүдийг нэгтгэн бичжээ. Энэхүү бүтээлийг академичаас гадна доктор Ц.Бямбажав, профессор С.Сээсрэгдорж, компьютер программист О.Мөнхжаргал нар хамтран бүтээжээ. БШУ-ын яамны ШУТС-ын санхүүжилтээр Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эм хор судлалын лабораторид 2018-2019 онд академич Я.Ганболдын удирдлагаар хэрэгжүүлсэн “Монгол ардын уламжлалт мал эмнэлгийн альтернатив аргуудыг системчлэн мэдээллийн сан бий болгох” нэртэй суурь судалгааны төслийн үр дүнд энэхүү бүтээл бэлэн болжээ. Мөн www.monethnovet.muls.edu.mnээс цахим мэдээллийн сантай танилцах боломжтой ажээ.