“GRAND TOUR-2021” аялал жуулчлалын улсын олимпиад

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-09-22 15:01:30

Дэлхийн аялал жуулчлалын өдрийн баярыг тохиолдуулан Монгол улсын хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын дунд “Grand Tour 2021” аялал жуулчлалын улсын олимпиадыг Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгээс тогтоосон комисс, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Монголын залуучуудын холбоо, Монгол улсын боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургууль зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр амжилттай явуулж эхэллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Аялал жуулчлалын хөгжлийн төв бүх нийтэд аялал жуулчлалын салбарыг таниулах, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэгдсэн зохион байгуулалттайгаар улс орон даяар аялал жуулчлалын салбарыг сурталчлахаар энэ жилийн 9 дүгээр сарыг “Аялал жуулчлалын сарын аян” болгож тэмдэглэн өнгөрүүлэхээр ажиллаж байгааг Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг дэмжин олимпиадыг энэ хүрээнд зохион байгуулж байна.

Энэхүү Олимпиадыг 2003 онд анх ХААИС санаачилж, 2007 оноос улсын хэмжээний олимпиад болсноос хойш энэ жил 19 дэх удаагаа явагдаж байна. Олимпиад нь

-спорт явган аялал,

-асуулт хариултын центавр тэмцээн,

-оюутны эрдэм шинжилгээний бага хурал

-мэргэжил сурталчлах үзэсгэлэн гэсэн 4 төрлөөр зохион байгуулдаг уламжлалтай.

Олимпиадын зорилго нь аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, сонгосон мэргэжилдээ үнэнч байх төлөвшил суулгах, түүнчлэн дэлхийн аялал жуулчлалын өдрийг үр бүтээлтэй тэмдэглэн өнгөрүүлэх, аялал жуулчлалыг олон нийтэд сурталчлахад оршдог.

Энэ удаагийн олимпиадад улсын болон хувийн хэвшлийн 12 их, дээд сургууль, коллежийн 200 орчим оюутнууд оролцож байна.

Жил бүр Олимпиадыг өөр өөр уриатайгаар зохион байгуулдаг бөгөөд энэ жил дэлхийн аялал жуулчлалын өдрийн “Tourism for Inclusive Growth” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.  9-р сарын 21-27-ны өдрүүдэд үргэлжлэх тус өдөрлөгийн асуулт хариултын “Центавр” тэмцээн 9-р сарын 21-нд ХААИС-ийн Хатан туул театрт боллоо.

Центавр тэмцээнд 11 их, дээд сургуулийн 55 оюутан оролцож, 4 үеийн турш өрсөлдөж, мэдлэг оюунаа сорьсноос нийлбэр дүнгээр Монгол улсын боловсролын их сургуулийн Спорт аялал жуулчлалын ангийн оюутнууд 71.5 оноогоор түрүүлсэн бол удаах байранд 70 оноогоор Отгонтэнгэр их сургууль, гуравдугаар байранд 64.5 оноогоор Идэр их сургуулиуд тус тус шалгарлаа. Тэмцээнийг “Манжуурын аялал” компанийн захирал Э.Хишигбаяр ерөнхий шүүгчээр, “Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Жавхлан, Аялал жуулчлалын ур чадварын сургуулийн захирал С.Нина нар шүүн явууллаа.

Олимпиадын дараагийн төрөл 09 дүгээр сарын 23-ны өдөр “Хүртээмжтэй өсөлтийг хангах Аялал жуулчлал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлаар ХААИС-ийн Хатан туул театрт үргэлжилнэ.

Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхим