"Шинжлэх ухааны дэвшилтэт технологи-ХАА-2021"-эрдэм шинжилгээний хурал болно

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-04-11 22:43:15

Монгол улсад COVID19 цар тахлын тохиолдол 2020 оны 11 сард дотоодод бүртгэгдэн, улмаар нэмэгдэж, хөл хорионы дэглэм үргэлжилсээр байгаа нь бидний 2021 оны 3 сард зохион байгуулахаар төлөвлөж байсан эрдэм шинжилгээний хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахад хүргэсэн. Гэвч цар тахлын төлөв цаашид ч тодорхойгүй байдлыг бий болгож байгаа тул эрдэм шинжилгээний хурлыг цахим хэлбэрээр 2021 оны 5 сарын 7 өдөр зохион байгуулахаар боллоо.

Хурал цахим хэлбэрээр явагдах болсонтой холбоотойгоор дараах зохион байгуулалт болон хугацааны өөрчлөлтүүд орж байгаа болно. Үүнд:

  • Хуралд зочин болон судалгааны илтгэл, төрлөөр оролцох боломжтой.

  • Улаанбаатар хот гэлтгүй, орон нутгийн болоод хилийн чанадад ажиллаж, сурч байгаа судлаачдын оролцоог хангах боломж бүрдэж байна.

  • Хуралд өгүүлэл хүлээн авах хугацаа 2021 оны 4 сарын 24 өдрийн Бямба гарагт дуусгавар болно.

  • Хурлын хөтөлбөрийг 2021 оны 4 сарын 30 өдрийн Баасан гарагт багтаан энэхүү цахим хуудсанд нийтэлнэ.

  • Хуралд оролцсон өгүүллэгийг Мал аж ахйун шинжлэл сэтгүүлд хэвлүүлэх боломжтой /ISSN:2707-1510/

  • Хурал явагдах цахим өрөөний холбоосыг бүх оролцогчдод имэйл хаягаар хурал болохоос дор хаяж 3 хоногийн өмнө илгээнэ.


ХУРЛЫН ЗОРИЛГО

 

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 368 дугаар тогтоол шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, Монгол улсын засгийн газрын тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэл (2020-2025), биотехнологийн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачдын бүтээлийг нийтэд түгээх замаар шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор танхимийн болон онлайн хэлбэрээр зохион байгуулагдана.


ХУРЛЫН ХАМРАХ ХҮРЭЭ

 

Хөдөө аж ахуй болон биотехнологийн чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулдаг их, дээд сургууль, коллеж, хүрээлэнгийн эрдэмтэн, багш, судлаачид доорхи сэдвийн хүрээнд оролцоно. Үүнд:

  • Малын селекцийн үйл ажиллагаанд генетик маркерууд ашиглах

  • Мал, ургамлын генефондын судалгаа, дараа үеийн секвенсийн технологийг хөдөө аж ахуйд ашиглах боломж, хандлага

  • Малын үүлдэр, чанарыг сайжруулахад зохиомол үр тогтоох (IVF, ICSI) арга технологи хэрэглэх

  • Вакцины орчин үеийн дэвшилтэт технологиуд, түүнийг Монгол улсад нутагшуулах боломжийн судалгаа

  • Малын тэжээлийн судалгаа, ашигт микроорганизмыг малын тэжээлд хэрэглэх

  • Монгол улсын нөхцөлд тохиромжтой ферментацийн процессийг явуулах боломж, технологийн шийдэл, түүхий эдийн судалгаа

  • Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэлийн технологийн судалгаа

  • Бэлчээрийн доройтол, биологийн төрөл зүйлийн хомсдолтой орчин үеийн дэвшилтэт аргаар тэмцэх боломжууд

  • Эмийн ургамлын бичил үржүүлэг, тариалалт, нутагшуулах технологи

  • Мал эмнэлгийн оношлогоонд орчин үеийн биотехнологи, нанотехнологид тулгуурласан түргэвчилсэн оношлуур хэрэглэх технологи, боломж

  • Шилжмэл гентэй таримал ургамал гарган авах, ашиглах технологи

 

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ахуй, биотехнологийн сургууль

Монгол улсын их сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн

сургууль

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам


Урилгаар оролцогчид:

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Биокомбинат ТӨААТҮГ

Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн

Шинжлэх ухаан технологийн сургууль

Ховд их сургууль

Малын удмын сангийн үндэсний төв

 

ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Зочин илтгэлүүд (1-р салбар):

- Салбарын бодлого, хөрөнгө оруулалт

- Хууль тогтоомж, эрх зүйн орчин

- Хүний нөөц, хамтын ажиллагаа

- Тулгамдаж буй асуудлууд

Судалгааны илтгэлүүд (2-р салбар):

- Суурь судалгаа

- Инноваци

Хуралдаан: 2021 оны 05-р сарын 07-ны өдрийн Баасан гаригт 9 цагт ZOOM платформыг ашиглан онлайн хэлбэрээр явагдана.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй энэ холбоосоор танилцана уу. https://sites.google.com/mul.../agriculture-devshilted-tech/