Европын холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй Urgent төсөл хэрэгжиж эхэллээ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-04-16 11:26:55

Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “Энэтхэг ба Монгол улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал: Ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдлийг дэмжихэд чиглэсэн сургалтын хөтөлбөр, чадавх бэхжүүлэлт, мэдээлэл харилцааны технологи ашиглалт, оролцогч талуудын хамтын ажиллагаа – URGENT” төсөл хэрэгжиж эхэллээ. Төсөлд нийт 5 улсын 15 байгууллагууд хамтран ажиллах бөгөөд Монгол улсаас ХААИС, МУИС, Ховд Их Сургууль, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, Хот Төлөвлөлт Судалгааны Институт гэсэн 5 байгууллага оролцож байна.

Уг төсөл нь 2021-2023 оны хооронд нийт 3 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд үндсэн зорилго нь Энэтхэг болон Монгол улсын хотуудын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдлыг ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдлээр дамжуулан, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх замаар сайжруулахад оршино. ХААИС-ийн хувьд АЭС-ийн ТСОЛА тэнхмийн Ландшафтын архитектурын хөтөлбөр энэхүү төсөлд хамагдаж байна. Төслийн хүрээнд ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдэлтэй холбоотой бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрүүдэд анализ хийж, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, менежментийн чиглэлийг нэмж оруулах, дээд боловсролын түвшинд ашиглах 6 хичээлийг бэлтгэнэ. Түүнчлэн Европын Холбоо, Энэтхэг, Монгол улсуудын хамтрагч байгууллагуудын хооронд сургалт-судалгааны мэдээлэл солилцох боломж бүхий хамтарсан сургалтын платформ, цахим сургалтын үйлчилгээг бий болгож, түүгээрээ дамжуулан сургалтын чанарыг сайжруулах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудас болон Facebook группээс авна уу.

http://urgent-project.net/

https://www.facebook.com/groups/urbangreenblue