Европын Холбооны Эрасмус+ хөтөлбөрийн санхүүжилттэй “Тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн үйлчилгээ, менежмент”-ийн чиглэлээр олон улсын магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх “ECOSERVE” төсөл ХААИС-ийн гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд Агроэкологийн сургууль дээр хэрэгжиж эхэллээ. Төсөлд Испани, Орос, Монгол, Румын, Финланд, Итали зэрэг 6 улсын нийт 14 байгууллага, их сургууль хамтран ажиллаж байгаа ба Монгол улсаас ХААИС, Эко Ази дээд сургууль, Хөвсгөлийн Улаан Тайгын Улсын Тусгай Хамгаалалттай Газар нутгийн захиргаа, Аргун-Манлайлагч төрийн бус байгууллага оролцож байна.
“ECOSERVE” төсөл нь 2021-2024 онд хэрэгжих бөгөөд төслийн зорилго нь тусгай хамгаалалттай газар нутгийн өнөөгийн шаардлага, тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн мэргэжилтэн бэлтгэх, энэ чиглэлээр түнш орнуудын биологи, хөдөө аж ахуйн чиглэлийн дээд боловсролын чанар, хамтын ажиллагааг дээшлүүлэх бөгөөд Европын холбооны тэргүүлэх их сургуулиудтай хамтран хэрэгжүүлэх гэж байгаагаараа онцлог юм.
Төслийн хүрээнд нийт 7 багц ажлыг гүйцэтгэх ба тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр EACEA-ийн шаардлагад нийцсэн, магадлан итгэмжлэгдсэн олон улсын магистрын хөтөлбөртэй болох, багш нарын англи хэлний болон багшлах ур чадвар сайжрах, сургалтын орчин сайжрах, олон улсын их сургуулиуд ижил цөм хөтөлбөртэй болсноор оюутан солилцоо хийх, кредит харилцан зөвшөөрөх, тооцох боломжтой болох, төсөлд хамтран оролцогч байгууллага, улс орнуудын дунд сургалт, судалгааны хамтын ажиллагаа, харилцаа холбоо бэхжих зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Төслийн багт Агроэкологийн сургуулийн тэнхим бүрийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнээр оролцож байна.
Төслийн багийнханд амжилт хүсье.