Монгол улсын БШУЯ, Япон улсын Шинжлэх ухаан, технологийн сан, ЖАЙКА байгуулага хамтран САТРЕПС-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Монголын нүүдэлчин малчдын улалжлалт мэдлэгт суурилсан тэжээлийн зэрлэг ургамал ашиглан бэлчээрийг нөхөн сэргээх нь” сэдэвт төслийн 3-р бүрэлдэхүүн хэсэг нь ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв дээр хэрэгжиж байна. Монгол оронд байгалийн ургамал тарималжуулах судалгаа 1950-иад оноос эхэлсэн бөгөөд манай улсад жил ирэх тусам таримал тэжээлийн хэрэгцээ нэмэгдэж байгаагаас гадна 25 сая гаруй га доройтсон бэлчээрийг сайжруулах, нөхөн сэргээх асуудал тулгараад байна.
Энэ асуудлыг шинжлэх ухааны үндэстэйгээр шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, ургамлын үрийн экологийн судалгааны үр дүнд үндэслэн тарих дэвшилтэт технологийг богино хугацаанд боловсруулах нь төслийн гол зорилгуудын нэг юм.
Төслийн хүрээнд 2021 онд нийт 15.4 сая иен буюу 405 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмж суурилагдахаас эхний хэсгийг нь хүлээн авлаа. ХААИС – ийн Агроэкологийн сургууль дээр тус лабораторийг тохижуулан үйл ажиллагааг амжилттай эхлүүлж байна.
Ж.Ундармаа профессорын удирдаж байгаа судалгааны багийнхан ургамлын үрийн экологийн лабораторийг анх 2005 онд байгуулсан бөгөөд төсөл хэрэгжих хугацаанд тус лабораторид орчин үеийн багаж, тоног төхөөрөмж суурилагдаж, шинэчлэгдэхийн дээр боловсон хүчин бэлтгэгдснээр үрийн судалгааны түвшин дээшилж, богино хугацаанд байгалийн ургамал тариалах технологи боловсруулах нөхцөл бүрдэх тул доройтсон бэлчээр, уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн талбай, атаршсан тариалангийн талбайг нөхөн сэргээх болон ногоон байгууламж бий болгоход чухал ач холбогдолтой юм.