ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимд Дендроэкологийн лаборатори байгуулагдаж, 5 дугаар сарын 11-нд нээлтээ хийлээ. Нээлтэд сургуулийн удирдлага, хамтран ажилладаг байгууллагуудын цөөн тооны төлөөлөл оролцсон бөгөөд сонирхсон хүмүүс цахимаар оролцлоо. Энэ үеэр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар нар тус лабораторын ач холбогдол болон судлаач, суралцагчдын цаашдын сургалт, судалгааны ажилд нь амжилт хүсэж үг хэлэв.
Тус Дендроэкологийн лабораторийг ХБНГУ-ын Фрайбургийн Их Сургуулийн профессор Marcus Hauck, профессор Ч.Дуламсүрэн, АЭС-ийн багш, доктор М.Хишигжаргал нарын хамтран хэрэгжүүлж буй “Global warming effects on productivity trends in Central Asian forests: Status and implications for forest management” төслийн хүрээнд Вольксвагений сангийн санхүүжилтээр байгууллаа. Дээрх судалгааны төслийн хүрээнд ой болон экологийн мэргэжлийн 5 судлаач багш нар ажиллаж байна.
Лабораторид сүүлийн үеийн WSL-Микротом багаж, модны анатомын зураг боловсруулалтын програм хангамж Leica LAS set, компьютер суурьтай хэмжилтийн багаж LINTAB7, боловсруулалтын TSAP WIN програм хангамж суурилуулсан нь дендроэкологийн судалгааг өргөн хүрээтэй хийх, цаашлаад модны жилийн цагиргийн дүн шинжилгээнд суурилсан бусад салбарууд болох дендроархеологи, дендрогидрологи, дендрохимийн судалгааг Монгол улсад анхлан хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Энэхүү судалгааны шинэ лабораторийг түшиглэн ой, таримал судлал болон экологийн олон судлаач багш нар хамтарсан судалгаа явуулж эхлээд байна.