“МИКРОБИОЛОГИ-2022” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-01-26 16:41:14

Микробиологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн, багш, судлаачдын оролцоо, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, судалгааны үр дүнгээ хуваалцах, мэдээлэл солилцох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Эмнэлзүйн молекул оношилгооны төв, Биокомбинат УТҮГ, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторитой хамтран “МИКРОБИОЛОГИ-2022” эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр GOOGLE.MEET платформ ашиглан анх удаа цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. 

Ивээн тэтгэгч байгууллагуудаар “Гялс Био” ХХК тэжээлт орчны үйлдвэр болон “ЗАНАА СПЕКС” ХХК хамтран ажиллаа. 

Хурлыг нээж ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал О.Баатарцогт, АШУҮИС-ийн Эмнэлэг хариуцсан дэд захирал Д.Цэрэндагва нар үг хэлэв. 

Тус хуралд микробиологийн чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл явуулдаг их дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, багш, судлаачид дараах сэдвүүдийн хүрээнд 22 орчим илтгэл хэлэлцүүлж, судалгааны ажлын хүрээнд санал солилцож, туршлага судаллаа. Үүнд:

  • Хөрс, ой, хөдөө аж ахуйн микробиологи
  • Хүрээлэн буй орчны микробиологи
  • Усны микробиологи
  • Хүнсний микробиологи
  • Үйлдвэрлэлийн микробиологи
  • Анагаахын микробиологи
  • Мал эмнэлгийн микробиологи
  • Хэрэглээний микробиологи, биотехнологи
  • Микроорганизмыг ферментацийн технологид ашиглах
  • Микроорганизмыг хоол хүнс үйлдвэрлэлд ашиглах асуудлууд
  • Хүнсний бүтээгдэхүүнээр дамжих өвчин
  • Хүнсийг микроорганизмын бохирдол, халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх
  • Сүү, сүүн бүтээгдэхүүний микробиологи
  • Микроорганизмыг хянах ажиллагаанд ашигладаг физик, химийн хүчин зүйлс
  • Микроорганизмын генетик ба ген удамших зүй тогтол
  • Микроорганзмын бодисын солилцоо болон молекул биологи
  • Вирусологи 
  • Микроорганизмын экологи 
  • Хүнсний микробиологийн шинжилгээний аргууд 
  • Микроорганизмын үйлдвэрлэлийн омог гарган авах, хадгалах арга 
  • Вакцин үйлдвэрлэл 

Хурлын шүүгчээр ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш, доктор Т.Уянгаа, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор З.Эрдэнэ, АШУҮИС-ийн багш, доктор Г.Өлзийжаргал нар ажиллаж, оноогоор байр эзлүүлэн эхний 3 байр, тусгай байр 2 шилдэг илтгэгчдийг шалгаруулсан. Үүнд:

  • АШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын үндэсний төв П.Түмэндэмбэрэл, Т.Хосбаяр, Б.Жүгдэржав, Н.Амарбаясгалан, С.Сарангэрэл, Г.Ичинхорлоо, Л.Уранчимэг, Б.Даариймаа, Б.Энхжин, Д.Нямаахүү, Л.Мөнх-Эрдэнэ нар “Молекул биологийн аргаар БЗДХ-ыг илрүүлэх шинжилгээг жирэмсний хяналтын шинжилгээнд нэвтрүүлэх асуудалсэдвээр тэргүүн байр.
  • Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, БНХАУ-ын Yangzhou их сургууль, Мал эмнэлгийг хүрээлэн Ш.Гансүх, Р.Одбилэг, Ye Jianqiang нар “Хонь, ямааны цэцэг өвчний вирусийн Р32 уургаар дан язгуурын эсрэг бием бэлтгэн туршсан дүн” сэдвээр дэд байр
  • АШУҮИС Р.Оюунчимэг, Б.Отгонбаяр, Т.Хосбаяр нар “Эмнэлзүйн сорьцоос өсгөвөрлөгдсөн Acinetobacter baumannii-ийн антибиотикт мэдрэг чанарыг харьцуулсан судалгаа” сэдвээр гуравдугаар байр
  • АШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын үндэсний төв Б.Энхжин, П.Түмэндэмбэрэл, Т.Хосбаяр, Г.Болдмаа, Д.Нямаахүү, Л.Мөнх-Эрдэнэ нар “Жирэмсний хяналтад байгаа эмэгтэйчүүдийн дундах улаан бурхан, улаанууд өвчний дархлаа тогтоцыг тодорхойлох судалгаа” сэдвээр тусгай байр
  • ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн  Э.Пүрэвдулам, Б.Сарантуяа нар “Зарим хагас боловсруулсан махан бүтээгдэхүүний нянгийн бохирдлын судалгаа” сэдвээр тусгай байрт тус тус шалгарч гэрчилгээ, мөнгөн шагналаар урамшуулав.

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон бүх эрдэмтэн, багш, судлаач та бүхний цаашдын судалгааны ажилд амжилт хүсье.



МАЛ АЖ АХУЙ БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ