ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв нь БШУЯ болон Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) санхүүжилтээр МУИС, Токиогийн улсын их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамал зүй зохистой ашиглах замаар бэлчээрийг сайжруулах нь” сэдэвт САТРЕПС хөтөлбөрийн төслийн хүрээнд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон “Ургамлын үрийн экологи”-ийн лаборатори шинээр байгуулж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нээлтээ хийлээ.
Тус нээлтийн арга хэмжээнд МУ-ын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, БШУЯам, БОАЖЯам, ХХААХҮЯам, ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөл, ШУТСан болон ХААИС-ийн удирдлага, бусад төлөөллүүд оролцлоо.
Уг лабораторид туршилт судалгаа, хийгдсэнээр Монгол орны уур амьсгал, хөрсний өвөрмөц нөхцөлд дасан зохицсон нутгийн ургамлын үрийн экологийн талаар шинэ мэдлэгийг цогцлоон бүрдүүлж, ургамлын олон янз байдлыг хадгалах, генетикийн нөөц баялагыг өнөөгийн ба ирээдүйн эрх ашигт нийцүүлэн зохистой ашиглах, хамгаалах, доройтох чиглэлд өөрчлөгдсөн экосистемийг ургамалшуулах, нөхөн сэргээх чиглэлээр мэргэшсэн, дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэгдэж, дэвшилтэт технологи боловсруулах боломжтой.
Эдгээр технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр малын бэлчээрийн тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, ойжуулах, цэцэрлэгжүүлэх, уул уурхай болон бусад үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх замаар аж ахуйн эргэлтэд оруулах, эмийн болон бусад ашигт ургамлын байгалийн нөөцийг хамгаалах зэрэгт малын тэжээл, ногоон байгууламж, эм, гоёл чимэглэлийн болон бусад ургамал тарималжуулах технологи боловсруулах хугацаа 2-3 дахин богиносох боломж бүрдэнэ.
ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГААНЫ ТӨВ