"Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг газар тариалангийн технологи, инноваци” сэдвээр Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй төсөл”-өөс санаачлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ХААИС-тай хамтран онол-үйлдвэрлэлийн бага хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулав. Тус хуралд салбарын судлаачид, бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд, тариаланчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож хувьсан өөрчлөгдөж буй уур амьсгалд хэрхэн дасан зохицох, үүнд орчин үеийн цахим ба өндөр технологийг хэрхэн үр дүнтэй ашиглаж, салбарын хөгжлийн тулгамдсан сорилтуудын үр дүнтэй шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.
Уг онол үйлдвэрлэлийн бага хурлыг ХААИС-ийн захирал профессор Т.Хэрүүга нээж аж үйлдвэрийн IV хувьсгал, ухаалаг, нарийвчлалтай газар тариаланг хөгжүүлэхэд ХААИС-ийн профессор багш, мэргэжилтнүүд түүчээлэн оролцож, энэ чиглэлээр олон улсын болон дотоодын санхүүжилттэй төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэв. Монгол орны газар тариалангийн үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлын шийдэл, гарцыг тогтооход чухал ач холбогдолтой асуудлыг хөндсөн энэхүү олон улсын онол-үйлдвэрлэлийн бага хуралд амжилт хүсэв.
Тус хуралд ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга “Дасан зохицох чадвартай, ухаалаг газар тариаланг хөгжүүлэх боломж, технологийн шийдэл” сэдэвт илтгэлдээ газар тариалангийн салбарын хөгжлийн бодлого зорилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, гарц шийдлийн талаар танилцуулав. Дэлхий даяар өрнөж буй аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, дижитал хувьсгалын дэвшлийг Монгол орны газар тариаланд цаг алдалгүй ашиглаж, “Ухаалаг хөдөө аж ахуй"-н бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлснээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экологи, байгаль орчинд ээлтэй газар тариаланг хөгжүүлж, байгалийн болон биологийн нөөцийг оновчтой ашиглаж, эрүүл, аюулгүй хүнс үйлдвэрлэх улмаар хүнс экспортлогч орон болох өргөн боломж байгааг дурдаад аливаа үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмж нь ашиглаж буй технологийн төвшнөөр тодорхойлогддог болохыг онцлон тэмдэглэв.
ХААИС-ийн профессор Б.Мөнхбат ШУТ-ийн сангийн санхүүжилтээр ХХААХҮЯамны захиалгаар 2019 оноос хэрэгжиж буй “Монгол орны газар ухаалаг газар тариаланг хөгжүүлэх техник, технологи боловсруулах” сэдэвт төслийн үр дүнгээсээ танилцуулж манай орны хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжуулалтын түвшин 42,0 хувь байгаа нь газар тариалангийн технологийн хувьсгалын үе шатаар авч үзвэл гар хөдөлмөр зонхилсон бүтээмж багатай, хөдөлмөр зарцуулалт ихтэй, дөнгөж газар тариалангийн өөрчлөлтийн 2-р хувьсгалыг л өнгөрч байгаа дүр зураг харагдаж байгаа бөгөөд энэ нь тэргүүлэгч орнуудаас даруй 40 орчим жилээр хоцорч байна гэсэн үг юм. Бид цаашид хоцорсоор араас нь хөөсөөр байх уу?, эсвэл тэргүүлэгч орнуудын түвшинд технологийн 4-р хувьсгалыг шууд нэвтрүүлэх замаар зэрэгцэж алхах уу? гэдэг асуулт бидний өмнө тавигдаж байгааг онцлон дурдав.
Эрдэм шинжилгээ инновацийн албаны ахлах мэргэжилтэн, доктор Б.Одгэрэл АНУ-ын USDA-аас санхүүжилттэй Буудайн тариаланд ухаалаг технологи нэвтрүүлж буй судалгааны ажлын үр дүнгээсээ танилцуулав. Төслийн гол зорилго нь буудай (Triticum aestivum L)-н тариаланд ухаалаг технологийг нэвтрүүлж, залуу агрономичдыг чадавхжуулах явдал бөгөөд уг төслийн хүрээнд буудайн хөгжлийн үе шат бүрт ургац бүрдэх үйл явцыг хиймэл дагуулын тоон эх өгөгдөл болон хүнгүй нисгэгч төхөөрөмж (дрон) ашиглан тодорхойлж, мониторинг хийх аргачлалыг боловсруулсан байна.
Тус их сургуулийн Агроэкологийн сургуулийн дэд профессор Ж.Оюунгэрэл “Таримлын ухаалаг үйлдвэр байгуулах” төслийн үр дүнгээр 2018 оны 10 дугаар сард ХААИС-ийн төв кампус дээр 18мx4.5мx4м хэмжээтэй хоёр сэндвич хавтангийн байгууламжийг барьсан. Энэхүү байгууламж нь 32.4м/кв талбайд 20 тавиур бүхий, хөрсгүй, автомат тохируулгатай орчинд таримлыг жилийн турш ургуулж тасралтгүй ургац авах боломж бүрдэх юм.
Агроэкологийн сургуулийн доктор Т.Насанжаргал БНСУ-ын санхүүжилттэй Нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан Монголын бүрэн автоматажсан, ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх төслийн хүрээнд 2000м2 нарлаг хүлэмжийг ашиглалтад оруулж Монгол орны нөхцөлд зохицсон ухаалаг хүлэмжийн аж ахуйг байгуулж халаалт, хөргүүрийн системийг экологид ээлтэй, зардал хэмнэсэн сэргээгдэх эрчим хүчний технологиор шийдвэрлэхээр ажиллаж байна.
ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төвийн захирал, академич А.Бакей “Газар тариалангийн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд эдийн засгийн хөшүүрэг ашиглах асуудал” илтгэлдээ ХАА-д төрийн оролцоо ямар байгаа талаар, төрийн бодлого, эдийн засгийн дэмжлэг, урамшууллын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрээр төрөөс газар тариалангийн үйлдвэрлэлийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон стратегийн дагуу хөгжүүлэх, улмаар уг асуудлыг шийдвэрлэх үндэс болсон тариалангийн технологийг шинэчлэх, ухаалаг технологи ашиглах асуудлыг бодлогоор дэмжих, эдийн засгийн хөшүүрэг бий болгох шаардлагатайг онцлон тэмдэглэв.
ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн Хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Н.Баярсүх “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд тариалан эрхлэх шинжлэх ухааны шийдэл: 1.Ган, өвчин хортонд тэсвэртэй, богино хугацаанд боловсрох таримлын сорт тэдгээрийн чанартай үр үйлдвэрлэх, 2.Нутагшсан сортын тариаланд цомхтгосон болон элдэншүүлэггүй, нөөц хэмнэсэн технологи, 3.Эрдэс болон шим бордоог системтэй хэрэглэх, 4.Таримлын зохистой сэлгээг ашиглах замаар тариалангийн хөрсний үржил шимийг сайжруулах, ургац нэмэгдүүлэх, 5.Усалгаатай тариалангийн технологийг шинэчлэх, боловсруулж мөрдөх, 6.Ухаалаг тариаланг хөгжүүлэх, хамгаалагдсан хөрсний тариалан байх юм гэж тодорхойлсон байна.
ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга, Д.Есөн-Эрдэнэ, Газар тариалангийн салбарт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, инновацийг хөгжүүлэх бодлогын чиглэл, үйл ажиллагааны талаар товч танилцуулав.
Агрикон ХХК-ны захирал, доктор Л.Баяртулга “Газар тариаланд технологийн инноваци нэвтрүүлэхэд” илтгэлдээ төрийн зүгээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон техник, технологийн нэвтрүүлэлтийг дэмжих, судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх, ухаалаг технологид суурилсан ухаалаг газар тариаланг дэмжих, газар тариалангийн даатгалын нэгдсэн платформыг байгуулах, төсөл, хөрөнгө оруулалтын нөхцөл, шаардлагыг сайжруулах, дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг дурдсан байна.
Мөн Сэлэнгэ аймгийн “Арвин хур” газар тариалангийн компани төлөөлөл оролцож, улаан буудайн тариалалтад сүүлийн жилүүдэд ухаалаг технологийн зарим системийг нэвтрүүлснээр, ургацыг одоогийнхоос 3-6 дахин нэмэгдүүлэх боломж байгааг тогтоосон талаар мэдээлэв.
Уг олон улсын онол-үйлдвэрлэлийн бага хуралд судлаачид, төрийн болон хувийн хэвшлийнхэн, тариаланчид, газар тариалангийн мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоодын төлөөлөл өргөн хүрээтэй оролцсон, салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсныг оролцогсод тэмдэглэж байв.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ИННОВАЦЫН АЛБА