ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ЗАЛЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-09-02 09:40:53

ХААИС 65 дахь хичээлийн шинэ жилийн өдрөө Эзэн богд Чингис хааны эш хөргийг Эрдмийн зөвлөлийн танхимынхаа хойморт заллаа. Эш хөрөг залах ёслолд ХААИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Тэрбишдагва, ХААИС-ийн ректор асан, академич, гавьяат багш Ч.Содномцэрэн, ХААИС-ийн ректор асан, академич, ардын багш Б.Бямбаа, ХААИС-ийн ректор асан, Монголын их дээд сургуулийн консерциумын ерөнхийлөгч, доктор, профессор Т.Хэрүүга, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч, доктор С.Сайнбаяр болон багш, оюутны төлөөлөл оролцлоо.

Эзэн Богд Чингис хааны эш хөрөг залах ёслолыг нээж, ХААИС-ийн захирал О.Баатарцогт үг хэлэв. Тэрээр, Монгол Улсын Ерөнхийлөгч “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” 159 дүгээр зарлиг гаргасан. Тус зарлигийн хэрэгжүүлж, хичээлийн шинэ жилийн энэ өдөр Эрдмийн зөвлөлийн танхимдаа эш хөргийг залж байна гэлээ.

Зарлигт  Эзэн Богд Чингис хааны эш хөргийг төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллага болон иргэн, айл өрх бүр  дээдлэн залахыг тусгасан юм.