“CОЛОНГОСЫН СОЁЛЫН ӨДРҮҮД-2022”-Д “ДАРХАН СЭЖУН ХАГДАН” ТӨВ ОРОЛЦОВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-09-05 18:46:40

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2022 оны 9 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Солонгосын соёлын өдрүүд-2022” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Агроэкологи бизнесийн сургуулийн дэргэдэх “Дархан Сэжун Хагдан” төв оролцож, үйл ажиллагаагаа сурталчлав.

Цар тахлын улмаас 3 жил завсарлаад байсан уг арга хэмжээ Монгол Улсад зохион байгуулагддаг Солонгосын соёлын арга хэмжээнүүдээс хамгийн томд тооцогддог юм.

Арга хэмжээний үеэр “OPEN MIC” болон “OX” асуулт, хариултын тэмцээн болсоны зэрэгцээ БНСУ-ын ЭСЯ-ны ахлах тогооч өөрийн гараар Солонгос үндэсний хоол хийж танилцуулав. Мөн Солонгосоос ирсэн Make-up Artist, K-Beauty Make Up шоуг тус тус зохион байгуулав. Түүнчлэн Монгол дахь Солонгосын төрийн болон төрийн өмчит байгууллага, ААН-үүд үйл ажиллагаагаа танилцуулав.