ОКАЯАМА ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ХААИС-Д ЗОЧИЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦОВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-09-06 17:04:21

Японы Окаяама их сургуулийн захирал Хирано Хироюуки, дэд захирал Томиока Наото, ХААИС-ийн зөвлөх Масахиро Китагава нарын төлөөлөгчид өнөөдөр /2022-09-06/ ХААИС-д зочилж, ХААИС-ийн захирал О.Баатарцогттой уулзлаа.

Уулзалтын үеэр төлөөлөгчид хоёр их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид ямар чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар харилцан санал солилцов. Окаяамагийн их сургууль нь 60 жилийн түүхтэй, Нийгмийн шинжлэх ухаан, Инженер технологи, Мал эмнэлэг гэх мэт бүрэлдэхүүний  8 сургуультай. Өнгөрсөн хугацаанд 60 000 мэргэжилтэн суралцан төгссөний 10 хувь нь багш болсон хэмээн сургуулийн захирал танилцуулав.

ХААИС-ийн захирал О.Баатарцогт сургуулиа танилцуулаад, манай сургуулийн техник, технологийн түвшин нь Япон улсын хэмжээнд хараахан хүрэхгүй ч судалгааны арвин их нөөц бий. Тиймээс энэхүү нөөцөд тулгуурлан хамтарсан судалгаа хийх, Японы өндөр технологийг нутагшуулахын тулд цаашид урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо.

Үүний зэрэгцээ ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийг түшиглэн баригдаж буй Мал амьтны эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах өргөн боломж байгааг хоёр тал санал нэгтэйгээр дэмжив.

Окаяама их сургууль нь Японд төдийгүй дэлхийн хэмжээнд дээгүүр орох орчин үеийн тоног төхөөрөмж бүхий мал амьтны эмнэлгийг сургуулийнхаа дэргэд байгуулан олон жил тогтвортой ажиллуулж байгаа туршлагатай аж.

Иймээс хоёр их сургууль нэгдүгээрт, Мал эмнэлэг, загас, зөгийн аж ахуй, ургамлын генетикийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх, хоёрдугаарт,  багш, оюутан солилцоо, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Уулзалтын төгсгөлд ХААИС-ийн захирал О.Баатарцогт хамтын ажиллагааг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд, Мал эмнэлгийн сургуулийн захирал А.Гомбожавыг идэвх санаачилгатай ажиллахыг үүрэг болгов. Мөн шинэ албанд томилогдсоны дараа болж буй анхны гадаад хамтын ажиллагааны чиглэлээрх энэ уулзалт сайхан дурсамж үлдээнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.