“GRAND TOUR 2022” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УЛСЫН ОЛИМПИАД 20 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖ БАЙНА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-09-23 17:09:57

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “GRAND TOUR” аялал жуулчлалын Улсын олимпиад 2022 оны 9 сарын 18-27-ны өдрүүдэд “Rethinking tourism” уриатайгаар амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэ жил тус олимпиад нь 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд ХААИС-ийн “Аялал жуулчлал” мэргэжлийн хөтөлбөрийн багш, оюутнууд анх санаачлан зохион байгуулсан юм. Улмаар 2007 оноос улсын хэмжээнд зохион байгуулагдах болж өдгөө Монголын аялал жуулчлалын салбарынхны дунд танигдсан, нэр хүндтэй, мэргэжлийн багш, оюутнуудын хүсэн хүлээдэг улсын хэмжээний олимпиад болтлоо өргөжжээ.Олимпиадын зорилго нь дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагатай уялдуулж аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын мэдлэг, хандлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх, сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, дэлхийн аялал жуулчлалын өдрийг аялал жуулчлалын мэргэжлийн сургуулиуд хамтдаа үр бүтээлээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэх, аялал жуулчлалыг олон нийтэд сурталчлахад чиглэгддэг.

Олимпиадын хүрээнд дараах тэмцээнүүд зохион байгуулагдаж байна. Үүнд:

  • “Cesim service” бизнес загварчлалын цахим тэмцээн
  • “Центавр” Танин мэдэхүйн тэмцээн
  • “Grand Tour” спорт аяллын тэмцээн
  • “Rethinking tourism-Монголын аялал жуулчлал” сэдэвт Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
  • “Rethinking tourism-Монголын аялал жуулчлал” сэдэвт Аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэн гэсэн үндсэн таван төрлөөр 2022 оны 9-р сарын 18-27-ны өдрүүдэд зохиогдож байна.

“Cesim service” бизнес загварчлалын тэмцээн нь тус олимпиадын төрөлд энэ жил шинээр нэмэгдсэн бөгөөд 18-23-ны өдрүүдэд цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулагдаж, өнөөдөр сүүлийн үе шатандаа өрсөлдөж байна. Тус тэмцээний хүрээнд их, дээд сургуулийн багууд Европын зах зээл дээрх бодит зочид буудлын кейс дээр адил гараанаас эхлэн ажиллаж, тус зочид буудлаа дотоодын болон олон улсын зах зээлд өргөжүүлэн, хувьцаа эзэмшигчдийнхээ өгөөжийг хамгийн их байлгахаар өвөл, зуны улирлын хэлбэлзэлтэйгээр 6 үеийн туршид цахим болон танхимын орчинд өрсөлдөж байна.Түүнчлэн “Grand Tour Open” аялал жуулчлалын байгууллагуудын нээлттэй тэмцээнийг 2022.09.24-ний өдөр аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын ажилтан, албан хаагч, мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулах юм.Энэ жилийн Олимпиадыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Хөдөө аж ахуйн их сургууль, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Discover Mongolia Travel аялал жуулчлалын туроператор байгууллага, АМАР Спорт Кемп зэрэг байгууллагууд зохион байгуулан, дэмжиж ажиллаж байна.

“GRAND TOUR” аялал жуулчлалын Улсын олимпиадыг ямагт дэмжиж, хамтран зохион байгуулалцаж ирсэн тус сургуулийн удирдлага, багш, оюутнуудад амжилт хүсч, талархал илэрхийлье.