КОПИА Монгол төв нь Бүгд Найрамдах Солонгос Улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар 2014 оноос эхлэн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт нийт 16 төслийг хэрэгжүүлээд байна. Энэхүү төслүүдийн хүрээнд БНСУ-ын ХАА-н дэвшилтэт технологийг нутагшуулах, үр тариа, тэжээлийн ургамлын үр үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг санхүүжүүлэх, төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хоёр улсын эрдэмтэн судлаачдыг солилцож хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг чадвахжуулах чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд 2022-2025 онд Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэх Мал аж ахуй эрхлэгчдийн тэжээлийн хангамж, чанарыг сайжруулах загвар бий болгох төслийн техникийн хамтын ажиллагааны гэрээнд холбогдох талууд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Шинэ төслийн гарын үсэг зурах үйл ажиллагаанд Копиа Монгол төвийн захирал Чой Ман Ёон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрыг дарга Д.Батмөнх, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, МААЭШХ-ийн захирал Д.Батсүх, төслийн удирдагч ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор Ж.Шинэхүү, МААЭШХ-ийн Бэлчээр, тэжээлийн салбарын эрхлэгч доктор Ц.Дэжидмаа нар оролцон төслийн танилцуулга, хүлээгдэж буй үр дүн болон стратеги төлөвлөгөөний талаар ярилцлаа.
Энэхүү төсөлд оролцох ХААИС-ийн судлаачдын багийг доктор Ж.Шинэхүү ахалж МААБС-ийн багш, судлаачид академич Н.Тогтохбаяр, дэд профессор В.Энхчимэг, доктор А.Отгонжаргал, Д.Гүрбазар, А.Эрдэнэчимэг, Б.Урантүлхүүр, З.Эрдэнэ нар ашигтай бичил биетний холимог бүхий багсармал тэжээл үйлдвэрлэж, ашиглах технологи нутагшуулах, Инженер технологийн сургуулийн багш, доктор Д.Баатархүү, магистр Б.Ганбат нар өрхийн үйлдвэрлэлд тэжээл боловсруулах машины хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр, Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш, профессор Н.Нямаа, багш Д.Алтантуяа, П.Мөнгөнцэцэг нар малчин өрхийн амьжиргааны түвшинг тогтоох чиглэлээр хамтран ажиллах юм.