ОЮУТНЫ ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ “ГАВАЛ ТОЛГОЙ” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтлэгч : С.ЭРДЭНЭ-ОЧИР
Огноо: 2022-08-17 13:33:54

Монгол Улсад 8 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Инновацийн 7 хоног”-ийн хүрээнд оюутнуудын, суралцах хугацаандаа эзэмшсэн мэдлэг, ур чадвараа үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бүтээлчээр ашиглах дадал олгох, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, гарааны бизнес эрхлэх сонирхлыг хөхиүлэн дэмжих зорилгоор уг арга хэмжээг анх удаа Төрийн өмчийн 6 их сургуулийн оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа. 

Уг “Гавал толгой” сэдэвт инновацийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг ХААИС-иас санаачлан  Мэдээлэл технологийн үндэсний парк (МТҮП)-тай хамтран  2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 3 үе шаттайгаар зохион байгуулсан болно.

Уг уралдаанд нийт 50 гаруй оюутны бүтээл оролцсон бөгөөд эцсийн шатны шалгаруулалтад 10 шилдэг бүтээл оролцож, шилдгийн шилдгийг шалгаруулах арга хэмжээ 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр амжилттай болж, дүнгээ гаргалаа;

  • 1-р байрт ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн оюутан М.Мөнх-Эрдэнэ, Г.Цэдэндамба нарын “Усанд шумбагч сорил шинжилгээний робот” бүтээл шалгарсан бол, 
  • 2-р байрт  ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн оюутан И.Цэдэнжав, Н.Баасандамба, Б.Төрсайхан нарын “Төрөл бүрийн хүнсний ногоо үрлэх олон үйлдэлт үрлүүр зохион бүтээж туршсан дүн”, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутан О.Хаш-Эрдэнэ, Ц.Жаргалдалай, Э.Мөнх-Оргил, Г.Ням-Очир, Э.Анударь нарын “Дайвар бүтээгдэхүүн (5 цул)-ий шөлний бэлдмэл”
  • 3-р байрт ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Агроэкологи бизнесийн сургуулийн оюутан 3 Б.Насанжаргал, Ч. Бямбадорж нарын “Компост бордоо”, ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн оюутан Э.Мөнх-Оргил, Б.Очирсүх, Б.Баттулга, Ж.Марал, Д.Ууганбаяр, А.Дашням, М.Болортоль нарын “Ухаалаг видео аналитикийн системийн хөгжүүлэлт”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан С.Гантуяа, Эрх зүйн ангийн оюутан Б.Болдсайхан, Г.Сүлд-Эрдэнэ, Б.Энгүүн нарын “LegalTech хууль зүйн туслалцаа үзүүлэх веб сайт” бүтээл тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ.

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн оюутан Н.Батчимэгийн “Мойлтой ээдэм үйлдвэрлэх технологийн судалгаа”, МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн оюутан Г.Эрдэнэчимэг, Б.Энхцэнгүүн нарын “Ухаалаг хөгжмийн программ хөгжүүлэлт”, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн оюутан Н.Халиунаа, Анагаах ухааны сургуулийн оюутан Г.Доржбалам нарын “Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах апп”, ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн оюутан Г.Хуягсүрэн, Б.Өлзийсайхан, Ш.Анхцэцэг, Б.Гүнжидмаа нарын “Чоно үргээх төхөөрөмж” бүтээл тусгай байранд шалгарсан болно.

Тус уралдааны эцсийн шалгаруулалтад танилцуулсан бүтээлүүд нь үйлдвэрлэл, үйлчилгээнд ухаалаг технологи ашиглах, хүн эмнэлгийн эмчилгээний дэвшилт технологи боловсруулж, практикт нэвтрүүлэх, органик хүнс үйлдвэрлэх технологи боловсруулж, эрүүл хүнс үйлдвэрлэлийг дэмжих, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх органик бордоо үйлдвэрлэл, хүнсний ногооны үйлдвэрлэлийн дэвшилт техник, технологийн шийдэл зэрэг улс орны хөгжлийн тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэхэд чиглэгдсэн маш сонирхолтой бүтээлүүд байсныг зохион байгуулагчид болон шүүгчид тэмдэглэж байв. Оюутнуудын бүтээлүүд нь хүлээлтээс давсан, оновчтой шийдэл, шинэлэг, дэвшилт санаа, шийдлийг гаргасан сайн бүтээлүүд байлаа. 

Уг уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар санал нэгдсэн болно.

Зохион байгуулагчдын зүгээс ШИНИЙГ САНААЧЛАГЧ, БҮТЭЭЛЧ, МАНЛАЙЛАГЧ ОЮУТНУУДДАА өндөр амжилт хүсье.

Зохион байгуулагч: 
Хөдөө аж ахуйн их сургууль

Хамтран зохион байгуулагч: 
Мэдээлэл технологийн үндэсний парк,
АШУҮИС, МУИС, МУБИС, ШУТИС, СУИС