МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН СУДЛААЧ ОЮУТНУУДАД СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-06-02 12:07:30

ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн захирал доктор, дэд профессор О.Баатарцогт, БНСУ-ын “Чонан Досол” ротари клуб, Монгол улсын  "Хүрээ” ротари клубын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус сургуулиас эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Гүрбазар, Бэлчээр тэжээллэг, химийн тэнхимийн багш, доктор Ж.Шинэхүү нар оролцов. 

“Чонан Досол” клубийн зүгээс хамтын ажиллагаагаа өргөжүүлж 2022 онд Монгол улсын "Хүрээ” ротари клуб, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуультай урт хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгуулж тус сургуульд ХАА, мал аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутан залуусын суралцах үйл ажиллагаа, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, судалгааны ажлыг дэмжин улмаар Мал аж ахуйн салбарт чадварлаг мэргэжилтэн бэлтгэх зорилгоор сурах хүсэл сонирхолтой, сурлагын амжилт өндөртэй, хөдөө орон нутгийн оюутан залуусыг сонгон жил бүр 2500 ам доллороос багагүй хэмжээний сантай сургалтын тэтгэлэг олгохоор тогтсон.

“Чонан Досол” ротари клуб нь анх тус сургуулийн “Бэлчээр, тэжээл судлал менежмент” профессорын багтай хамтран ажиллаж Монгол улсын мал аж ахуйн салбарт бэлтгэгдэж буй боловсон хүчнийг чадавхжуулах сурч хөгжих, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжоор хангах зорилгоор судалгааны тэтгэлгийг 2019 онд 2 оюутанд олгож байсан. 

Уулзалтын үеэр цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн Монгол улсын мал аж ахуйн салбарын хөгжилд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн сургалт, судалгааны орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тогтлоо. 

Хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсын  "Хүрээ” ротари клубын 20 жилийн ойн баярыг тохиолдуулан тус сургуулийн Зоо инженер технологийн III курсийн оюутан Б.Наянжил, Зоо инженер технологийн II курсийн оюутан Г.Уянга, Ц.Мөнхбат, ХАА-н биотехнологийн II курсийн оюутан Б.Хулан, ХАА-н биотехнологи I курсийн оюутан Н.Оюун-Эрдэнэ, Мах, сүүний үйлдвэрлэлийн технологийн III курсийн оюутан Б.Оюун-Эрдэнэ, ХАА-н бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн хяналт үнэлгээний III курсийн оюутан Г.Сувд-Эрдэнэ нарт тус бүр НЭГ сая төгрөгний сургалтын тэтгэлэг гардууллаа. 

Тэтгэлэг гардуулах үеэр Хүрээ ротари клубийн ерөнхийлөгч цаашид энэхүү арга хэмжээ үргэлжлэл болон явах бөгөөд тэтгэлэг хүртсэн оюутнуудын идэвх санаачлага, хөдөлмөрийн үр дүнгээр хүрээгээ тэлэн ХАА-н салбарын олон олон шинэ залуу үед боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

БНСУ-ын “Чонан Досол”, Монгол улсын "Хүрээ” ротари клубын хамт олон болон “Өөрөөсөө давж бусдад үйлчилье” уриатай ротаричууддаа Монгол улсын ХАА-н салбарын боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулахад оруулж буй хөрөнгө оруултанд тань бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн хамт олон оюутан залуус, ХАА, мал аж ахуйн салбарынхаа өмнөөс талархал илэрхийлье. 

 

 


МАЛ АЖ АХУЙ БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ