“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН БАГИЙН УУЛЗАЛТ БОЛОВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-01-18 17:02:18

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” (ИТДБ) төсөл хэрэгжүүлэх нэгж болон уг төслийн Япон талын зөвлөх, профессор Такетоши Такемото нар 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ХААИС-д зочлов. Энэ хүрээнд тус их сургуулиас оролцож буй төслийн багийн ахлагч, гишүүдтэй уулзалт зохион байгуулж, санал зөвлөмж өгч ажиллалаа.

 

 

Монгол, Япон хоёр орны стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй “MON-011” тоот хэлэлцээрийн “ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” (ИТДБ) төсөлд 2023 оноос Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль оролцож буй юм.

Өнөөгийн байдлаар ХААИС-д дээрх зорилгын хүрээнд агрономич, ХАА-н инженер, механик инженер, биотехнологич, хүнсний технологич инженер зэрэг мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэгтэй шаталсан сургалт явуулж жилд гурван шатны сургалтаар нийтдээ 250 гаруй мэргэжилтэн бэлтгэж байна. Цаашид ч энэ салбарын мэргэжилтний хэрэгцээ улам өсөн нэмэгдэх хандлагатай байна. Манай сургуульд дээрх мэргэжилтэнг бэлтгэж байгаа багшлах боловсон хүчний нөөц, хүрэлцээ хангамж дутмаг, лабораторийн тоног төхөөрөмж хомсдолтой байгаа нь хүндрэл учруулж байдаг билээ.

 

ХААИС-ийн зүгээс “Инженер технологийн дээд боловсрол” төсөлд хамрагдан хамтран ажиллах Захирлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/282 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг байгуулагдсан цагаасаа эхлэн Хөдөө Аж Ахуйн Их Сургуулиас уг төсөлд оролцох судлаачдын багийг шалгаруулах, ИТДБ төслийн багийн гишүүдтэй хамтарсан 3-4 удаагийн хамтарсан уулзалт зохион байгуулаад байна.

Хөдөө Аж Ахуйн Их сургууль ИТДБ төсөлд дараах 3 чиглэлээр оролцож байна. Үүнд:

  1. Хамтарсан төслийн судалгааны баг байгуулах,
  2. Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн салбар сургуулийг түшиглэн КООСЭН сургууль байгуулах
  3. Сэлэнгэ аймгийн Сант суман дахь ХАА-н Инновацын төвийг өргөжүүлэн, хөгжүүлэх чиглэлээр ажиллахаар болов.

“ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” төслийн Япон улсын их сургуулиудтай хамтарсан судалгааны баг байгуулан ажиллаж эхэллээ. Үүнд:

  1. Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, доктор В.Энхчимэг ахлагчтай “Биотехнологийн аргаар Сибирь шинэс (Larix sibirica Ledeb.)-ийн зигот үр хөврөлөөс масс үржүүлэг хийх, эндофит мөөгөнцрийн омгоор биобэлдмэл гарган авах” хамтарсан төслийн баг
  2. Агроэкологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Хишигжаргал ахлагчтай “Хушин ойн судалгаа, ойн дагалт баялаг-самрын үлдэгдэл түүхий эдийг ашиглах технологи, био-адсорбент материал боловсруулах” хамтарсан төслийн баг
  3. Агроэкологийн сургуулийн багш, доктор И.Мягмаржав ахлагчтай “Хөдөө аж ахуйд зориулагдсан дроны хэрэглээ” хамтарсан төслийн баг
  4. Агроэкологийн сургуулийн багш, доктор М.Оргилболд ахлагчтай “Газар ашиглалтын өөрчлөлтөөс үүдэлтэй хөрсний органик нүүрстөрөгчийн өөрчлөлт болон хөрсний бохирдлын загварчлалын дэвшилтэт арга” хамтарсан төслийн баг
  5. Инженер, технологийн сургуулийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, доктор Л.Лхагвасүрэн ахлагчтай  “Монгол оронд тариалсан камелина сатива таримлааас хүнсний тос, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, малын тэжээл үйлдвэрлэх технологийн судалгаа” хамтарсан төслийн баг
  6. Инженер, технологийн сургуулийн багш, доктор Ж.Эрдэнэдалай ахлагчтай “Монгол орны нөхцөлд бионүүрсний үйлдвэрлэлээр хүлэмжийн хийг бууруулж  бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж” хамтарсан төслийн баг
  7. Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн харьяа сургуулийн багш, доктор П.Мэнд-Амгалан, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал Н.Баярсүх ахлагчтай “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг газар тариалангийн судалгаа” хамтарсан төслийн баг