ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД КОБОЯАШИ ХИРОЮКИ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ХААИС-Д ЗОЧЛОВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-01-26 13:39:59

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобояаши Хироюки, Хоёрдугаар Нарийн бичгийн дарга Ямаками Юкино, мэргэжилтэн М.Энхцогт нар (2023-01-25) ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай уулзлаа. Мөн “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах замаар бэлчээрийг сайжруулах нь” сэдэвт САТРЕПС төслийн хүрээнд ЖАЙКА-ийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Экосистемийн судалгааны төвийн дэргэдэх Ургамлын үрийн экологийн лабораторитой танилцав.

Тэрбээр ХААИС-ийн удирдлагатай уулзах үеэрээ, Монгол Улсын эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжилд томоохон байр суурь эзэлдэг ХАА-н салбарын мэргэжилтэн бэлтгэх, эрдэм шинжилгээ, инновац, технологийн ололтыг түгээн дэлгэрүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буй, 60 гаруй жилийн түүхтэй ХААИС-д зочилж буйдаа талархаж байгаагаа илэрхийлээд цаашид олон чиглэлээр дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

 

Тухайлбал, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөр, “Инженер технологийн дээд боловсрол” /ИТДБ/-ын төсөл буюу бидний хэлж заншсанаар "1000 инженерийн хөтөлбөр"-т хамтран оролцох, төсөл хэрэгжүүлэх замаар хүний нөөцөө чадавхжуулах боломж байгааг онцоллоо. Мөн “Тэрбум мод” хөтөлбөр, “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн зэрэг Монгол Улсын Засгийн Газраас баталсан хөтөлбөрийн зорилго, зорилттой нийцсэн төслийн санал боловсруулан ирүүлбэл дэмжин хамтран ажиллах боломжтой гэв. Дэлхий нийтээр нүүрсхүчлийн хийг бууруулахад анхаарал хандуулж, томоохон гүрнүүд тодорхой үүрэг хүлээж буй энэ цаг доор энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрийг дэмжин, санхүүжүүлэх боломжтойг онцоллоо.

ХААИС-ийн захирал О.Баатарцогт, ХАА-н салбарын хүний нөөцийг чадавхжуулах, энэ салбарын шинжлэх ухаан, технологийн хөгжлийг Монгол Улсын ХАА-н салбарт нутагшуулахад олон чиглэлээр дэмжин хамтран ажиллаж ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ. Мөн Засгийн газраас баталсан Тэрбум мод хөтөлбөр, Хүнсний  хангамж аюулгүй байдал хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд салбарын их сургуулийн хувьд манлайлан ажиллах үүрэг, зорилт бий. Энэ хүрээнд хамтран ажиллахад таатай байна гэв.  

 

 

Экосистемийн судалгааны төвийн захирал, профессор Ж.Ундармаа, Япон төдийгүй дэлхийн тэргүүлэх их сургуулийн нэг Токиогийн их сургуулийн гадаад төв болох Экосистемийн судалгааны төв ХААИС-д байгуулагдаад 20 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын мал аж ахуйн салбарын хөгжлийн тулгуур асуудал болох бэлчээрийн ургамалжлын чиглэлээр Японы их сургуулиудтай хамтарсан судалгаа хийж, тодорхой үр дүнгүүд гаргасан. Мөн  хамгийн сүүлд л гэхэд САТРЕПС төслийн хүрээнд Ургамлын үрийн экологийн лаборатори байгуулсан гээд олон жил Монгол улсын ХАА-н салбар шинжлэх ухаанд бодитой хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.

 

 

Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, профессор Б.Мөнхбат;  Монгол, Япон хоёр орны стратегийн түншлэлээр хэрэгжиж байгаа “MON-011” тоот хэлэлцээрийн “ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” (ИТДБ) төслийн хүрээнд 2023 оноос Монгол Улсын хөдөө аж ахуйн их сургууль хамтран оролцож байна. Энэ хүрээнд, хамтарсан төслийн судалгааны баг байгуулах, Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн салбар сургуулийг түшиглэн КООСЭН сургууль байгуулах, Сэлэнгэ аймгийн Сант суман дахь ХАА-н Инновацын төвийг өргөжүүлэн, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, танай улсын өндөр технологийг нутагшуулах зорилготой. Энэ нь Монгол Улсын ХАА-н салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм гэв.

Дашрамд сонирхуулахад, Манай улс өндөр ур чадвартай инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, сургалт судалгааны орчныг шинэчлэн сайжруулах зорилгоор 2014 оноос 7.5 тэрбум иен буюу 129 тэрбум төгрөгийн санхүүжилттэй ИТДБ төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Коосэн хөтөлбөр, Бакалаврын хамтарсан хөтөлбөр, Хамтарсан судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлж 2024 он хүртэл 1000 гаруй инженер технологийн мэргэжилтэнг Япон улсад бэлтгэхээр зорьж буй билээ. Манай улсын боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт болж буй 10 жилийн хугацаатай, жилийн 0.2 хувийн хүүтэй энэхүү зээлийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/ санхүүжүүлж байгаа бөгөөд 2020-2040 онд үндсэн зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй юм.

 

Уулзалтын дараа Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобояаши Хироюки, Хоёрдугаар Нарийн бичгийн дарга Ямаками Юкино, мэргэжилтэн М.Энхцогт нар САТРЕПС төслийн хүрээнд ЖАЙКА-ийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Экосистемийн судалгааны төвийн дэргэдэх Ургамлын үрийн экологийн лабораторитой танилцсаны зэрэгцээ Агроэкологийн сургуулийн захирлын өрөөнд зочилж, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо.