ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ ХҮРТСЭН БАГШ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-02-27 13:22:54

Сар шинийн босгон дээр ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ-иар овоглосон эрхэм хүмүүс төрийн дээд цол, одон медалиар шагнуулсныг сургуулийн удирдлага уламжлал ёсоор хүндэтгэн хүлээн авч баяр хүргэлээ.

ХААИС-ийн “Хатантуул” Оюутны театрын дарга, Хатантуул бүжгийн хамтлагийн удирдагч багш Лүндэгдамбын Цолмон Монгол Улсын СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ, ТЭМДГЭЭР, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн багш, доктор, профессор Гомбожавын Ганбат, ХААИС-ийн Хэвлэх цехийн эрхлэгчээр олон жил үр бүтээлтэй ажилласан Содномдаржаагийн Эрдэнэхүү нар ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР, Агроэкологийн сургуулийн Сургалт судалгаа, үйлдвэрлэлийн “Өнжин” төвийн эрхлэгч Нанзадын Лхагвасүрэн АЛТАН ГАДАС ОДОНГООР тус тус шагнуулсныг сургуулийн удирдлага хүлээн авч баяр хүргэлээ.

ХААИС-ийн “Хатантуул” Оюутны театрын дарга, Хатантуул бүжгийн хамтлагийн удирдагч багш Лүндэгдамбын Цолмон 1999 оноос хойш тасралтгүй 23 жил дахь жилдээ ХААИС-д ажиллаж, спорт, цэнгээнт бүжгийн “Хатантуул” хамтлагийг удирдахын зэрэгцээ олон оюутан залуусын авьяасыг нээн илрүүлж, хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулан ажиллаж буй билээ. “Хатантуул” хамтлаг Монгол Улсын хэмжээний хамтлаг, бүжгийн тэмцээнд 28 удаагийн аваргаар шалгарсан бөгөөд 2010 оноос одоог хүртэл ДАШТ-нд 10 дахь жилдээ амжилттай оролцож хагас финалын шатанд шалгарсаар байна. Дээрх хугацаанд “Хатантуул” хамтлагийн 6 үеийн бүжигчдийг ХААИС-ийн оюутнуудаас бэлтгэн, хөгжүүлж өндөр амжилттайгаар удирдан авч яваа билээ.

“Хатантуул” хамтлагийн эгнээнээс нийт 500 гаруй бүжгийн спортын тамирчин, бүжигчин, багш, дасгалжуулагч, шүүгч нар төрөн гарсан бөгөөд одоогийн байдлаар Олон Улсын Хэмжээний Мастер-15, Бүжгийн Спортын Мастер-20, Дэд Мастер-20 мэндэлжээ. 

Доктор, профессор Гомбожавын Ганбат 1985 онд ОХУ-ын Эрхүүгийн ХААИС-ийг Биологи-Агнуур зүйч мэргэжлээр төгсөн улс ардын аж ахуйд ажиллаж байгаад 1996 оноос өнөөг хүртэл ХААИС-ийн сургалт, судалгаанд томоохон хувь нэмэр оруулан ажиллаж буй юм. Тэрээр Малын гаралтай түүхий эдийн бэлтгэл, Монгол хонины нэхий, ноосны чанар, үр ашгийг дээшлүүлэх, нэхий бэлтгэлд шинэ тогтолцоо нэвтрүүлэх, Хүнс, ХАА-н бүтээгдэхүүнийг хадгалалтын үеийн хөнөөлт организмаас хамгаалах технологи нэвтрүүлэх талаар төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэж байна. Мөн 2 доктор, 4 магистр, 20 гаруй бакалаврын оюутны эрдэм судлалын ажлыг удирдан ажиллажээ. 

ХААИС-ийн Хэвлэх цехийн эрхлэгчээр олон жил үр бүтээлтэй ажилласан Содномдаржаагийн Эрдэнэхүү улсдаа 43 жил хөдөлмөрлөсний 33-т нь ХААИС-ийн Хэвлэл цехийг удирдан ажиллаж, эрдэмтэн судлаачдын оюуны бүтээлийг олон нийтийн хүртээл болгох их үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллажээ. 

ХААИС гэх эрхэм нэрээр овоглон, олон жилийн тууштай хөдөлмөр зүтгэл, оюун ухаанаа сургууль болон эх орныхоо хөгжилд зориулан ажиллаж, ирээдүй хойч үеэ үлгэрлэн манлайлж, хийсэн бүтээснээ төрдөө үнэлүүлсэн эрхэм хүндтэй шагналын эздэд сургуулийн удирдлага талархал илэрхийлж, цаашдын их ажилд нь амжилт ерөөлөө.