ШУА, ХААИС-ТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-03-16 17:49:05

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Хөдөө аж ахуйн их сургуультай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, ХААИС-ийн захирал О.Баатарцогт нар гарын үсэг зурлаа. 

Энэхүү санамж бичгийн зорилго нь ШУА болон ХААИС-ийн эрдэмтэн судлаачид, профессор багш нарын үндсэн  үйл ажиллагааны нийтлэг чиг үүрэгт нийцсэн ахисан түвшний болон салбар дундын томоохон төслийг хамтран боловсруулж судалгааг хэрэгжүүлэх, судалгаа-сургалтын ажлын уялдаа холбоог хангах, эрдэмтэд, профессоруудын залуу халааг  бэлтгэх, хоёр байгууллагын стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг талуудын судалгааны материаллаг баазад түшиглэн ханган биелүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн салбар дундын,      байгууллага хоорондын хамтарсан шинжлэх ухаан технологийн төсөл, захиалгат хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;

·Олон улсын төсөл, хөтөлбөр хамтран мэдүүлэх, хамтарсан судалгааны баг байгуулан оролцох, хэрэгжүүлэх;

·ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдээс ХААИС-ийн ахисан түвшний сургалтад хамрагдаж байгаа эрдэм шинжилгээний ажилтнуудад хөнгөлөлт үзүүлэх, эрдэм шинжилгээний багц цагийг хөнгөлөх, хамтран удирдах;

·ХААИС -иас ШУА-ийн төрөлжсөн академи Хөдөө Аж ахуйн Шинжлэх Ухааны Академитай хамтарч ажиллах;

·Талууд судалгааны лаборатори, багаж тоног төхөөрөмж, шинжлэх ухааны мэдээллийн сан, номын санг харилцан нээлттэй ашиглуулах;

·Нийгэм, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд хамтран оролцох, зохион байгуулах;

·Олон улс, бүс нутгийн болон улсын чанартай эрдэм шинжилгээний хурал  хамтран зохион байгуулах;

·ХААИС болон ШУА-ийн дэргэдэх гарааны компанийн үйл ажиллагааг дэмжихэд хамтран ажиллах, хамтарсан гарааны компани байгуулж ажиллуулах;