ОХУ-ЫН ШУА-ИЙН СУРВАЛЖЛАГЧ ГИШҮҮН, ПРОФЕССОР К.С.ГОЛОХВАСТ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧ ХААИС-Д ЗОЧИЛЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-11-01 12:44:42

Оросын Шинжлэх Ухааны Академийн Агробиотехнологийн Сибирийн Холбооны Шинжлэх ухааны төвийн дарга, ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, профессор, Биологийн шинжлэх ухааны доктор К.С.Голохваст, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Техникийн ухааны доктор Д.В.Шаповалов нар ХААИС-д (2022-10-31) зочилж, сургуулийн удирдлага болон ХААШУА-ийн Ерөнхийлөгч нартай уулзлаа. ОХУ-ын Шинжлэх ухааны Академийн Агробиотехнологийн Сибирийн Холбоо, Монгол улсын Хөдөө аж ахуйн Шинжлэх ухааны академи, Хөдөө аж ахуйн их сургууль нь эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, харилцан туршлага солилцох чиглэлээр олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн бөгөөд уулзалтаар хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтад ХААИС-ийн захирал О.Баатарцогт болон бүрэлдэхүүний сургуулийн захирлууд, Хөдөө аж ахуйн Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, Академич Б.Бямбаа, Дэд Ерөнхийлөгч, Академич А.Бакей нар оролцлоо.

Мөн Монгол улсын Хөдөө аж ахуйн салбар тэрдундаа хоёр орны хамтарсан судалгааны ажлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн судлаачдад Оросын ХАА-н Академийн И. И.Синягины медаль, Оросын ШУА-ийн Агробиотехнологийн Төвийн "Хүндэт доктор"-ын диплом, энгэрийн тэмдэг гардуулан өгч, баяр хүргэлээ.

Тухайлбал, ХААИС-ийн захирал, доктор, дэд профессор О.Баатарцогт, Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал, доктор, профессор Б.Баасансүх, Шинжлэх ухааны доктор, профессор З.Батсүх нарт Оросын ХАА-н Академийн И. И.Синягины медаль, ХАА-н ШУА-ийн жинхэнэ гишүүн, Шинжлэх ухааны доктор, профессор Я. Ганболд, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эм, хор судлалын лабораторийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны доктор Д.Лхамсайзмаа, Хачиг шавьж, эгэл биетэн судлалын лабораторын эрхлэгч, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Болдбаатар, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, доктор Гүрбазар, ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Н.Баярсүх нарт ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Хүндэт докторын диплом, энгэрийн тэмдэг гардуулан өгч, баяр хүргэлээ.