“АГРОЭКОЛОГИ-ТОГТВОРТОЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-11-09 09:30:29

Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургууль, Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас (НҮБ-ын ХХААБ) хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (СТРИЙМ) төсөл болон Бүгд Найрамдах Польш Улсын Монгол дахь Элчин сайдын яам хамтран “АГРОЭКОЛОГИ-ТОГТВОРТОЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 11 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог төлөвлөх, удирдах үйл ажиллагааг нийгэм, экологийн зарчмуудтай уялдуулах замаар ургамал, амьтан, хүн, хүрээлэн буй орчны харилцан холбоог сайжруулахад агроэкологийн үндсэн зорилго оршдог. Агроэкологи нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн зорилго нь агроэкологи, тогтвортой хөгжлийн үндсэн арга зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлсэн болон, нийгэм, эдийн засаг, газар тариалан,  мал аж ахуй, ой болон таримал судлалын салбар дахь ололт, амжилт, сайн туршлагуудын талаар харилцан туршлага  солилцох, тулгамдаж буй асуудлыг  шинжлэх ухааны үндэстэй шийдэх боломжийг бий болгох, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршиж буй юм.

Цаашлаад, тус хуралд НҮБ-ын ХХААБ-ын  Ази, номхон далайн бүс, Варшавын их сургууль, Богдан Кулиг ХААИС, Краков дахь Хөдөө аж ахуйн их сургууль зэрэг олон улсын илтгэгчид оролцож агроэкологийн олон улсын болон үндэсний түвшний мэдлэг, туршлагуудыг хуваалцсанаараа онцлог юм.

“АГРОЭКОЛОГИ-ТОГТВОРТОЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах" (СТРИЙМ) төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав. СТРИЙМ төсөл нь агроэкологийн зарчимд суурилсан нэмүү өртгийн жишиг сүлжээг Монгол улсад хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.