ТУРШИЛТАД АМЬТАН ХЭРЭГЛЭХ ЁС ЗҮЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-06-13 12:01:19

Туршилтад амьтан хэрэглэх ХААИС-ийн Ёс зүйн хяналтын зөвлөл 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн танхимд хуралдлаа. Хуралдаанаар доор дурдсан 20 судалгаанд туршилтын амьтан хэрэглэх асуудлыг хэлэлцэж, 6 асуудлыг засаж сайжруулахаар тогтов.

Хяналтын зөвлөл нь ХААИС-ийн харьяа хүрээлэн, бүрэлдэхүүн сургуулиудын багш, судлаачдын хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажилд туршилтын амьтан хэрэглэхдээ ёс зүйн алдаа, дутагдал гаргахаас сэргийлэх, туршилтын амьтны тавлаг болон аюулгүй байдлыг хангасан орчинд энэрэнгүй зарчим баримтлан, амьтныг тарчлаан зовоохгүйгээр судалгаа хийх зарчмыг мөрдүүлэх, амьтанд туршилт хийх арга, аргачлалын шинжлэх ухаанч байдал, ёс зүйн асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргах үүрэгтэй байгуулагдсан юм. 

Туршилтын амьтан хэрэглэх шаардлагатай судалгааны төсөл

1. Хятад, Монголын эрдэмтдийн хамтарсан хоёр бөхт тэмээний нано-эсрэг биеийн судалгаа, ШУА-ийн харьяа ХХТХ

2. Өмнөговь аймгийн Баяндалай суманд үржүүж буй Зурамтайн цагаан ямааны аж ахуй биологи, ашиг шимийн зарим үзүүлэлт, МААЭШХ

3. Цагаан- Овоогийн хар ямааны тодорхойлолт, Хөвчийн улаан ямааны тодорхойлолт, МААЭШХ

4. Үхрийн папилломавирусын үүсгэгчийн судалгаа, МЭС

5. Өвөрхангай аймаг дахь малын гэдэсний бүлгийн эмгэгтөрүүлэгчид, түүний шинж чанар, антибиотик мэдрэг чанарын судалгаа, МЭС

6. Бэлчээрийн болон эрчимжсэн аж ахуйн төлийн тархмал өвчинтэй тэмцэх өсөлтийн физиологид суурилсан арга, бэлдмэлийн технологи, МЭХ

7. Бог малын токсоплазмозын вакцин судалгаа, МЭХ

8. Говийн бүсийн зарим аймгийн зэс дутал өвчний судалгаа, УМЭАЦТЛ

9. Туулайн Psoroptes cuniculi хамууны хачгийн судалгаа, МЭС

10. Нохойн демодекозыг оношлох, МЭС

11. Нохой, муурны отодектозын судалгаа, МЭС

12. Мал, амьтны хамууны хачиг болон шавжийн эсрэг креохин- х бэлдмэлийг in vitro туршин сорих, МЭС

13. Гельминтийн эмийн даслыг сонгомол ба молекул биологийн аргаар тодорхойлох нь, МЭХ

14. Хавтгай тэмээний паразиттах өвчин, халдварлалт, эрсдлийн судалгаа, МЭС

15. Үхрийн арьс товруутах өвчний эсрэг идэвхгүйжүүлсэн вакцины технологийн судалгаа, МЭС

16. Үхрийн арьс товруутах өвчнийг илрүүлэх ийлдэс судлалын оношлуур гарган авч туршсан дүн, МЭС

17. Үхрийн зарим вируст өвчний тандалтын болон аденовирусийн вакцины судалгаа, МЭХ

18. Babesia microti паразитыг ялган авч, бабезиоз өвчнийг оношлох эсрэгтөрөгч гарган авч турших, МЭХ

19. Бог малын шөвөг яр өвчний үүсгэгчийн судалгаа, МҮМЭХ

20. Сармис (Allium Sativum L.) үрэвслийн эсрэг идэвхийг судлах, МЭС

Амьтдыг туршилт, судалгаанд хэрэглэхдээ 3R-ын зарчмыг баримталдаг. Үүнд:

1. Орлуулах (Replacement) - хэрэв тухайн туршилт нь амьтад ашиглахаас бусад аргаар судалгаа, шинжилгээ явуулах боломжгүй бол туршлагын амьтдыг сонгох;

2. Цөөлөх буюу багасгах (Reduction)- аль болох цөөн тооны  амьтныг туршилтанд хэрэглэх;

3. Боловсронгуй болгох (Refinement) - туршилтын амьтныг аль болохоор өвтгөж зовоохгүй байхаар туршилтын арга зүйг боловсруулах.