‘’Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, технологи, инновац” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг МУ-ын Хөдөө аж ахуйн их сургууль, ОХУ-ын Тувагийн улсын их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны ХААИС хамтран /2023-04-04/ зохион байгуулж байна. Тус хурлыг ОХУ-ын Тувагийн улсын их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн проректор Ондар Лидия, ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн захирал Д.Гүрбазар нар нээн үг хэлж, судлаачдын судалгааны ажилд амжилт хүслээ.
Хурлын зорилго нь хил залгаа оршдог үндэс угсаа нэгт ХАА-н салбарын судлаачдын судалгааны үр дүнг олон нийтийн хүртээл болгох, харилцан туршлага солилцох, цаашид судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд оршиж буй юм.
Тус ОУ-ын Эрдэм шинжилгээний хурлаар судлаачид ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн техник, технологи боловсруулах, анхан шатны түүхий эдийн эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдлыг тодорхойлох чиглэлээр хийсэн судалгааны үр дүнгээ танилцууллаа.
Тухайлбал, ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн багш Ж.Амгаланзул, дэд профессор Д.Баатархүү нар “Уламжлалт аргаар ааруул боловсруулах техникийн параметрийг үндэслэх нь” илтгэл хэлэлцүүлсэн юм. Тус судалгааны ажлын хүрээнд уламжлалт аргаар ааруул боловсруулах ажлыг хөнгөвчлөх, тодруулбал цаг хугацаа хэмнэж, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн аарцыг шахаж, хэрчин, хатаах зориулалттай гурван төрлийн төхөөрөмж бүтээсэн байна.
Мөн МААБС-ийн багш, дэд профессор Г.Ганбат, БНХАУ-ын ӨМӨЗО-ны ХААИС-ийн багш Du Hong Yan нар “Хонины ноосны хялгасны шинж чанар, бүтээгдэхүүн боловсруулах технологи”сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Судлаачид дээрх судалгааны ажлын хүрээнд ноос боловсруулах явцад хаягдал болон үлддэг хялгасыг боловсруулах шинэ технологийг боловсруулжээ. Ингэснээр үйлдвэрлэлийн хаягдлыг бүтээгдэхүүн болгон эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж буй юм. Дээрх хурлаар энэ мэт ХАА-н салбарын 20 гаруй судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлж байна.