БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Тамир болон МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС, СУИС-ийн захирлууд өнгөрсөн баасан гаригт(2023-04-07) ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд уулзаж, сургалт, эрдэм шинжилгээ, номын сан, оюутны хөгжлийн асуудлаар харилцан санал солилцсон юм.
Төрийн өмчийн 6 их сургууль 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн зорилго нь дээрх 6 их сургууль Монголын дээд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх, цаашдын хандлагыг тодорхойлох, чанар хүртээмжийг дээшлүүлэх, нөөц, туршлагаа харилцан хуваалцах, улмаар судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх, түүнчлэн хамтран ажиллах чиглэл, хэлбэрийг тодорхойлж, эрдэм шинжилгээ, сургалтын ажлаа уялдуулан хэрэгжүүлж хамтран хөгжихөд чиглэсэн байдаг. Тиймээс дээрх зорилгыг хэрэгжүүлэх үүднээс хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон юм.