Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилттэй “Монгол-Хятадын хамтарсан инновацын загвар паркийг түшиглэн ухаалаг газар тариалан, мал аж ахуйн үндсэн технологийг хоршин хөгжүүлэх нь” сэдэвт төслийн хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төвийн захирал, академич А.Бакей болон “Ухаалаг хүлэмжийн аж ахуй” төвийн дарга, доктор Т.Насанжаргал нар хамтран Нарны эрчим хүчний системд суурилсан ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, хөрсгүй орчинд шинэ ургацын ногоо ургуулах цогц арга хэмжээний талаар оролцогчдод анхан шатны мэдлэг, ойлголт олгох зорилготой сургалтыг зохион байгуулав.
Энэхүү сургалт 2023.04.14-ний 09.00-16.00 цагийн хооронд Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Бурхантын аманд байрлах “Ухаалаг хүлэмжийн аж ахуй” төвд онол-практик хосолсон хэлбэрээр боллоо.
Хүлэмжийн аж ахуй эрхлэгч, хөрөнгө оруулагч, гидропоник технологиор шинэ ургацын ногоо тариалах сонирхолтой иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, Дархан-Уул аймгийн тариаланчид, Хэнтий аймаг дахь Политехник коллежийн ХАА-н мэргэжлийн багш, МУБИС-ийн багш нарын төлөөлөл, ХААИС-ийн Экосистемийн мэргэжилтэн, УСУГ-ын мэргэжилтэн, Сонгинохайрхан дүүргийн жимс, жимсгэнэ, мод, бут, сөөг, хүнсний ногооны тариалан эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл болох 30 гаруй иргэн сургалтад амжилттай хамрагдав.
Сургалтын үр дүнд, дунд шатны сургалтын төлөвлөгөө боловсруулж, анхан шатны сургалтад хамрагдсан иргэдэд 2 сарын дотор мэдээлэл хүргэн, санал солилцож хамтарч ажиллахаар болсон. Судалгаа-туршилт хийх талаар холбогдох тариаланч, компаниудтай хамтран ажиллахаар болов.
Мөн ХААИС-ийн бүрэлдэхүүний сургууль, харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн судлаачдын туурвисан судалгаа-боловсруулалтын ажлын үр дүн, шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүнийг иргэд, тариаланчдад танилцуулах, сурталчлах зорилгоор Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төвийн Технологи дамжуулалт, нэвтрүүлэх үйлчилгээ, хариуцсан мэргэжилтэн Т.Сауржан УСУГ-ын мэргэжилтэн, Дархан-Уул аймгийн тариаланчид, Хэнтий аймаг дахь Политехник коллежид ХАА-н мэргэжлийн багш, Сонгинохайрхан дүүргийн жимс, жимсгэнэ, мод, бут, сөөг, хүнсний ногооны тариалан эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл нар хамтарч ажиллахаар хэлэлцсэн байна. Дээрх сургалтыг цаашид улирал тутам зохион байгуулах юм.