ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР БОЛ МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА МӨН

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-09-13 18:33:26

ХААИС-ийн 2023-2024 оны Хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, оролцон Монгол Улсын төрийн бодлогод Хүнс, хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа Хөдөө аж ахуйн Их сургууль, түүний багш оюутнууд, эрдэмтэн судлаачдын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, шинэ санал санаачлага, идэвх зүтгэл, манайлал туйлаас чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.

ХААИС-ийн багш оюутнууд, эрдэмтэн судлаачид бид цаашдынхаа ажилд Төрийн тэргүүний хэлсэн үг, захиа даалгавар, уриалгаас соргогоор тусган авч, Монгол Улсын анхдагч бөгөөд ууган салбарт тулгамдаж буй сорилт бэрхшээл бүрийг шуурхай шийдвэрлэх, бодит, үр дүнтэй, тэргүүн ээлжийн төсөл, арга хэмжээг олноор санаачлан хэрэгжүүлэх замаар эх орныхоо ирээдүй, иргэд олон түмнийхээ аж амьдралд үр өгөөж нь шууд хүрдэг боломж бүрийг эрэлхийлэгч, ажил хэрэгч, оюунлаг хамт олон болохоо дахин нотлон харуулах цаг нэгэнт болжээ.

Эрдэм мэдлэгийн Эх Ундарга – Оюуны Их өргөө болсон ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ-иар овоглодог ХҮН БҮР энэхүү хичээлийн жилээс эхлэн өдөр бүр, улам бүр, урьд урьдынхаасаа илүү ихээр хичээж, хөдөлмөрлөж, бүтээж, манлайлж ажиллахыг Та бүхэндээ уриалж байна. Хичээлийн шинэ жилийн мэндийг хүн бүхэнд дахин хүргэж, Эрдмийн их амжилтыг хүсэн ерөөе.

Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол Улс мөнхөд мандан бадрах болтугай.