ЧҮНБУКИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГА ХААИС-Д ЗОЧИЛЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-09-15 11:33:59

БНСУ-ын Чүнбукийн үндэсний их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Ki Seok Choi, мэргэжилтэн Minha Kim, Hyun-Ji Kim нар ХААИС-д зочилж, хоёр их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ХААИС-ийн Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулгатай санал солилцлоо.

Уулзалтаар хоёр их сургуулийн хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулах, магистрант, докторантурт суралцах, суралцагчдын тоог нэмэгдүүлэхээр тохиролцов.

ХААИС нь 2008 онд Чүнбукийн үндэсний их сургуультай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд оюутан солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж, жил бүр 3-5 оюутан тус сургуульд суралцаж байна. Уулзалтад Чүнбукийн үндэсний их сургуулийг төгсөгч, МААБС-ийн багш, доктор Ж.Шинэхүү, ХААИС-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн, доктор Р.Батчимэг нар оролцож, сургууль болон судалгааны ажлын үр дүнгээ сонирхууллаа.

Зочид Гадаад хэлний тэнхимийн дэргэдэх хэл, соёлын төвд суралцаж буй оюутнуудад сургуулиа танилцуулж, Мал эмнэлгийн сургуулийн захирал, доктор Ц.Эрдэнэ-Очиртой уулзан тус сургуулийн сургалт явуулдаг мэргэжлийн чиглэлээр оюутан солилцох талаар санал солилцов.

Мөн Чүнбукийн үндэсний их сургуулийг төгсөгч, МААБС-ийн багш, доктор Ж.Шинэхүүгийн удирдан, хэрэгжүүлж буй Копиа-Монгол төслийн санхүүжилтээр байгуулагдсан “Ферментжүүлсэн тэжээлийн судалгаа, үйлдвэрлэлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Чүнбукийн үндэсний их сургуулийг товч танилцуулахад; 1951 онд байгуулагдсан, 4 кампус, 14 коллеж, 9 их сургууль, 52 судалгааны төвтэй.

Одоогоор 21 376 оюутан суралцаж, 2073 профессор сургалтын үйл ажиллагааг удирдан явуулдаг. Дэлхийн 56 орны 292 их сургуультай хамтран ажилладаг бөгөөд 1025 гадаад оюутан суралцаж байна.

Мөн үндэсний хэмжээний олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд 2023 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит Бизнес, инкубаторын төв байгуулагдсан. Боловсрол-судалгааны чиглэлийг дэмжихээр 2022-2025 онд 40 сая ам.долларыг төсөвлөжээ.

Сонирхуулахад; БНСУ-д одоогийн байдлаар 432 их сургууль, коллеж байдгаас 189 нь 4 жилийн сургалт явуулдаг их сургууль бөгөөд үүний 20 хувь нь улсын их сургууль юм.

Чүнбукийн үндэсний их сургууль нь улсдаа эхний 10-т эрэмбэлэгддэг улсын их сургуулийн нэг юм.