ХААИС-ИЙН ХАРЬЯА ПОЛИТЕХНИКИЙН КОЛЛЕЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-09-21 17:23:54

Төрийн өмчийн их сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 306 тоот тогтоолын дагуу Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв болон Шаамар сум дахь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг нэгтгэн ХААИС-ийн харьяа Сэлэнгэ аймаг дахь Политехникийн коллеж болгон байгуулсан билээ.

Мөн Булган аймаг дахь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг нэгтгэн ХААИС-ийн харьяа Булган аймаг дахь Политехникийн коллеж, Төв аймгийн Заамар сум дахь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг ХААИС-ийн харьяа Төв аймаг дахь Политехникийн коллеж болгохоор тус тус шийдвэрлэсэн.

Тиймээс дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Сэлэнгэ, Булган, Төв аймаг дахь ХААИС-ийн харьяа Политехникийн коллежид заах хичээлийн хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг уялдуулах, санал боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын Сэлэнгэ аймагт хийсэн уулзалтын үеэр яригдсан ХААИС-иас хийж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал Л.Баяртулга, Оюутны хөгжил, үйлчилгээний албаны дарга А.Базарсад, БШУЯ-ны Политехник боловсролын зөвлөх Д.Оюундэлгэр нар ХААИС-ийн харьяа Сэлэнгэ аймаг дахь Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хамтран зөвлөлдөж,  үүрэг чиглэл өглөө.