ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-08-26 16:56:20

Монгол улсын ХААИС-Говьсүмбэр аймаг, БНСУ-ын Жонбүк их сургууль-Жоллабүг-ду муж болон хоёр орны тэргүүлэх чиглэлийн компанийн төлөөлөл өнөөдөр(2023-08-26) олон улс-бүс нутагт тэргүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

ХААИС-ийн Захиргааны байрны хурлын танхимд болсон хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монголын талаас ХААИС-ийн захирал, профессор Б.Баасансүх, Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга, ИТС-ийн захирал Ж.Мөнгөн, багш С.Ганбат, ADAMАS MINING компанийн гүйцэтгэх захирал З.Номундарь,  GOLDEN HAILS ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Зоригтбаатар,  БНСУ-ыг төлөөлж БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү, Жонбүг их сургуулийн захирал Яанг У Бунг, Жоллабүг-ду мужийн Засаг дарга Ким Гуан Ёнг, KAPJIN ХК-ийн захирал На Жун Гүг, KOSTEK ХК-ийн захирал И Сонг Ги нар болон холбогдох байгууллага, төгсөгчдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын ХААИС болон БНСУ-ын Жонбүг их сургуулийн тухайд олон жил идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тус сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт ХААИС-ийн суралцагч, төгсөгчид амжилттай суралцан мэргэжлээ дээшлүүлж, төрөлх сургууль болон эх орондоо өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байгаад ямагт талархаж буйгаа ХААИС-ийн захирал Б.Баасансүх тус ёслолын үеэр хэлсэн үгэндээ онцолсон юм.

БНСУ-ын Жонбүг их сургууль нь БНСУ-ын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлэх Glocal(Global-Local) University 30 төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан бөгөөд энэ хүрээнд ХАА-н салбар болон тэр дундаа Жоллабүг-ду мужийн Saemangeum хоёрдогч батерейны төрөлжсөн цогцолборын ажлыг эрчимжүүлэх, хамтарсан судалгаа хийж, судлаачдын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар ХААИС болон холбогдох байгууллагуудтай энэхүү хамтын ажиллагааны гэрээг байгуулж буй юм.