КОЙКА ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-08-28 12:14:25

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар, КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр, Хангён их сургуультай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Насан туршийн боловсрол” эрдэм шинжилгээний бага хурлыг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

“Монгол Улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоо уялдааг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн нээлттэй хурлын арга хэмжээнд КОЙКА-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн орлогч Пэг Мин Жү, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газар, Малын удмын сан, Зоо, инженерийн холбоо, Мал зүйч, үржүүлэгчдийн холбоо, Монголын хүнсчдийн холбоо, МААЭШ-ний Хүрээлэн,  ХААИС-ийн захирал Б.Баасансүх, Хангён их сургуулийн профессор Нам Ин Шиг тэргүүтэй зочид, төлөөлөгчид болон ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн профессор багш, эрдэмтэн судлаачид оролцлоо.

 

 

Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, малчид болон аж ахуй нэгжийн мэргэжилтэнг мэргэшүүлэх зорилгын хүрээнд “Насан туршийн боловсрол” сургалтыг 2023 оны 08 дугаар сарын 14-17, 21-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Зорилтод ажлыг сайжруулах хүрээнд уг эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

Тус хэлэлцүүлэг нь мал аж ахуй эрхлэгчдийг судалгаа-үйлдвэрлэл хосолсон эрчимжсэн аж ахуй эрхлэх боломж бололцоог нэмэгдүүлэх, энэхүү чадварыг олгох зорилготой юм. Цаашдаа ХААИС-ийн дэргэдэх Мал аж ахуй, технологийн төвтэй хамтран чадавхыг сайжруулж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг хийж санал солилцох юм.   

Төслийн нийт санхүүжилтийн хэмжээ 5 сая ам.доллар бөгөөд 2022-2026 оны хооронд хэрэгжинэ.