БНСУ-ЫН МОКПО ХОТЫН ЗАХИРАГЧ PARK HONG RYULL-Д ХААИС-ИЙН ХҮНДЭТ ДОКТОР ЦОЛ ОЛГОЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-08-29 13:50:34

БНСУ-ын Мокпо хотын захирагч Park Hong Ryull, ИТХ-ын дарга Moon Chabok, Эдийн засаг, ХАА, байгаль орчны хэлтсийн дарга Na Jeahyoung, Төрийн бодлогын зөвлөх Jo Yohan тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2023-08-29) ХААИС-д зочиллоо.

Солонгосын ХАА, боловсрол, шинжлэх ухааны салбарт тэргүүлэгч, он удаан жилийн түүхтэй тус хот нь ХААИС-тай ХАА-н салбарын сүүлийн үеийн техник, технологийн ололт, амжилтыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ сургалтын орчныг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй юм. Тиймээс Монгол улсын ХАА-н салбар тэр дундаа ХААИС-д оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Мокпо хотын захирагч Park Hong Ryull-д ХААИС-ИЙН ХҮНДЭТ ДОКТОР цол олголоо.

Хүндэт доктор цол гардуулах ёслолыг нээж ХААИС-ийн захирал, профессор Б.Баасансүх хэлсэн үгэндээ, сүүлийн жилүүдэд манай хоёр орны найрамдалт хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад талархаж байна. ХААИС нь дэлхийн 30 гаруй орны 200 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж байгаагаас БНСУ-ын их, дээд сургуулиудтай олон чиглэлээр хамтран ажилладаг. Мөн тус орны Засгийн газрын санхүүжилттэй томоохон төсөл, хөтөлбөр манай сургуульд амжилттай хэрэгжиж байгаад талархдаг. Өнөөдөр Мокпо хотын захирагч Park Hong Ryull тэргүүтэй төлөөлөгчид манай сургуульд зочилж, бас нэгэн шинэ бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх эхлэлийг тавьж буйд баяртай байна. Эрхэм хотын захирагч өнөөдрөөс эхлэн Монгол Улсын ХААИС-ийн хүндтэй хүмүүсийн нэг болж буйд талархал дэвшүүлье гэлээ.

Мөн Мокпо хотын захирагч Park Hong Ryull Монгол Улсын ХААИС-ийн ХҮНДЭТ ДОКТОР цол хүртсэндээ туйлын баяртай байгаагаа илэрхийлээд өнөөдөр манай хотын түүх болон миний амьдралд дурсамжтай сайхан үйл явдал боллоо. Энэ баярт мөчийг хамтдаа хуваалцсан бүх хүмүүст талархаж буйгаа илэрхийлье гэв.

Тус ёслолд ХААИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд болон Мокпо хотын удирдлагууд оролцлоо.