ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ХААИС-ИЙН РЕКТОРТ ГАРДУУЛЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-09-02 12:25:05

Монгол улсын ерөнхийлөгч 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэгтэн залах тухай 159 дүгээр зарлиг гаргасан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэхүү зарлигийн дагуу ХААИС-ийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох үеэрээ Эзэн  Богд Чингис хааны эш хөргийг ХААИС-ийн ректор, доктор, профессор Б.Баасансүхэд гардуулан өглөө.

Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ХҮНДЭТГЭН ЗАЛАХ ТУХАЙ ЗАРЛИГ-ийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр уншиж танилцуулав.

Эдүгээгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Тэмүүжин мэндэлж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор Монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, Монгол үндэстний суу алдрыг бадраасан Эзэн Богд Чингис хаан болон өргөмжлөгдөж, дэлхий дахинд Монголын их амар амгалан (Pax Mongolica)-г тогтоосон билээ.

Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн тус ЗАРЛИГ-ийг гаргасан байна.