ХААИС-ИЙН ГАДААД ТӨГСӨГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ТӨГССӨН СУРГУУЛЬДАА ЗОЧИЛЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-09-05 20:55:03

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийг малын эмч мэргэжлээр 1983 онд төгсөгч, БНАЛАУ-ын ХХАА-н дэд сайд асан Бунхүанг, 1993 оны төгсөгч, БНАЛАУ-ын ХХААЯ-ны Газрын дарга Сунаван нар өнөөдөр (2023-09-05) төгссөн сургуульдаа хүндэтгэл үзүүлж, гэр бүлийн хамтаар хүрэлцэн ирж, сургуулийн удирдлагатай уулзлаа. Хүндэтгэлийн уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх, Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга, Мал эмнэлгийн сургуулийн захирал, доктор О.Эрдэнэ-Очир, Мал, амьтны эмнэлгийн захирал, профессор А.Гомбожав, Монгол Лаосын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэх гишүүн Г.Намсрай нар оролцлоо.

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийг 1983 онд төгсөгч Бунхүанг нь БНАЛАУ-ын ХХААЯ-ны дэд сайд хүртэл албан тушаалд дэвшин ажиллаж, улсынхаа нэр хүндтэй төрийн түшээ болсон байна. Мөн Монголоос суралцагчдыг үргэлж дэмжин ажиллахын зэрэгцээ хоёр орны хөгжилд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирснийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жамсрангийн Бямбасүрэн хэлсэн үгэндээ онцоллоо.

1993 оны төгсөгч Сунаваны хувьд одоогоор ХХААЯ-ны Газрын даргаар ажиллаж байна.

ХААИС-ийн захирал Б.Баасансүх хэлсэн үгэндээ, Юуны өмнө төгссөн сургуулиа дурсан хүндэтгэн ирсэн Танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Манай хоёр орны олон жилийн найрамдалт хамтын ажиллагаа олон чиглэлээр хөгжиж байна. Өдгөө ч манай сургуульд таны залгамж хойч болох 4 оюутан амжилттай суралцаж байгааг дуулгахад таатай байна гэв.

Дашрамд сонирхуулахад Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр БНЛАУ-ын 15 оюутан суралцах бөгөөд мөн тодорхой тооны оюутан ХААИС-д элсэн суралцахаар болж байгаа мэдээллийг Элчин сайд энэ үеэр дуулгалаа.