БНСУ-ЫН Оюутны холбооны сайн дурын клубын оюутнуудыг хүлээн авч уулзлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-01-24 12:04:42

БНСУ-ын Оюутны холбооны сайн дурын клубийн оюутан, залуус 2023 оны 10 дугаар сараас эхлэн Эко клуб байгуулан ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Эрдэм шинжилгээний алба, Хэл соёлын тэнхимийн багш нарын удирдлага дор дөрвөн сарын хугацаатай ажиллаж байгаа билээ.

Оюутнуудыг нутаг буцахын өмнө Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга хүлээн авч уулзлаа. Тэрээр Монголын эрс тэс өвлийн улиралд ч бэрхшээлгүй хурдан дасаж, байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон шинэлэг санаачилга гарган оюутан, сурагчдыг чиглүүлж, солонгост хос хөтөлбөрөөр суралцах хүсэлтэй оюутнуудад хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд нь тусалж өнгөрсөн хугацаанд төлөвлөсөн ажлаа амжилттай гүйцэтгэсэнд талархаж буйгаа илэрхийллээ.

Мөн Монголын уламжлалт наадгай болох шагай бэлэглэн морь уралдуулах тоглоомыг зааж өгөөд Монголд хамтдаа өнгөрүүлсэн дурсамжтай үеэ санавал шагайгаа авчран атгасан гар шиг хэзээд холбоотой байгаарай хэмээн захив. Цаашид ч хоёр орны хөгжилд тус тусын хувь нэмрээ оруулан ажиллахыг хүслээ.

Өнгөрсөн хугацаанд тус оюутнууд ХААИС-ийн харьяа Байгалийн ухаан, ухаалаг технологийн сургалттай ахлах сургуулийн “Eco zone” сурагчдын амралт, уулзалтын өрөөг тохижуулах төслийн санал илгээсэн нь Монгол, Камбож, Вьетнам улсад ажиллаж байгаа бусад 20 багаасаа шалгарч төслөө амжилттай гүйцэтгэн хүлээлгэн өгсөн билээ.

Солонгосын өөр өөр хотод байрлах их сургуулиудаас ирсэн сайн дурын оюутнууд энэ долоо хоногт хийсэн ажлаа тайлагнан нутаг буцах юм.