“Модлог ургамал тарьж ургуулах технологи” сургалт зохион байгууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-01-29 16:19:59

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штаб “Эрдэнэс Таван толгой” компани, ХААИС-ийн Агро экологийн сургууль, “Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоо”-той байгуулсан дөрвөлсөн гэрээний  дагуу Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэн судлаачид гурван шатны  “Ойжуулалт, агро-ойжуулалт” сэдэвт сургалт (цахим, дадлага)-ын материалыг боловсруулан, сургалт зохион байгуулж, чадавхжуулахаар хамтран ажиллаж байна.

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд 2021-2022 онд дөрвөн удаагийн 188 цагийн анхан, дунд, ахисан, сургагч багшийн сургалтыг 23600 цэргийн алба хаагчид зааж сургах ажлыг Агроэкологийн сургуулийн Таримал судлал, ой, ландшафтын архитектурын тэнхим хариуцан зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 2022 онд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд нэгтгэл, ангиудын байршил, боломжид тулгуурлан бүсчилсэн байдлаар мод үржүүлгийн есөн газрыг байгуулах, нэгтгэл, анги, салбар бүрд ногоон хотхоныг бий болгохоор Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд агроэкологийн мэдлэг олгох анхан, ахисан шатны болон сургагч багш бэлтгэх гурван шатны сургалтыг зохион байгуулж эхлэв.  

Агроэкологийн анхан шатны сургалтаар нийт бие бүрэлдэхүүнд модны төрөл, зүйлийг ялгаж таних, мод тарьж ургуулах, арчлах, хамгаалах, ойжуулалт хийх, ойг нөхөн сэргээх, агро-ойжуулалтыг хөгжүүлэх, ногоон байгууламжийг байгуулах онол, арга зүйн мэдлэг олгох бол ахисан болон сургагч багш бэлтгэх сургалтаар эдгээр ажлыг төлөвлөх, удирдан зохион байгуулах чадвар, дадлагыг олгох юм.

Агроэкологийн анхан шатны 20 цагийн цахим сургалтыг өнгөрсөн сард 10 хоногийн хугацаатай зохион байгуулж офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат алба хаагч, ажилтнууд, тэдний гэр бүлийн төлөөлөл, ахмад дайчид зэрэг 2500 орчим хүн хамрагджээ. Энэ сард ахисан шатны 60 цаг, 10 хоногийн цахим сургалтыг зохион байгуулж, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, салбаруудын 250 гаруй алба хаагчийг хамрууллаа.              Сургагч багш бэлтгэх онолын сургалтыг хоёрдугаар сард цахимаар зохион байгуулж дөрөвдүгээр сард Төв аймаг дахь агро паркуудад дадлагажуулж цаашид Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын бие бүрэлдэхүүнд ойжуулалт, агро-ойжуулалтын талаар зөвлөгөө өгөх, зааж сургах, түгээн дэлгэрүүлэх, мэдээллээр хангах чадавхыг олгох юм.

Ахисан түвшний болон сургагч багш бэлтгэх сургалтын хээрийн дадлагад оролцох алба хаагчдын томилолтын зардал, багаж хэрэгсэл, ажлын хувцсыг ЗХЖШ-аас нэгдсэн журмаар хангана гэв.

“Модлог ургамал тарьж ургуулах технологи” сургалтад хамрагдсан алба хаагчид нэгтгэл, анги, салбартаа болон амьдарч буй орчиндоо мод тарих, ойжуулалт хийх, агро парк хөгжүүлэх замаар ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, эмийн ургамал, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах, арчлан хамгаалж сурснаар экологийн эрүүл таатай орчинд амьдрах, эрүүл, аюулгүй хүнсээр тогтвортой хангагдахын зэрэгцээ нэмэлт орлоготой болох боломжтой болно.